horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Эрдэнэсүхийг насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ уулзах эрхийг сэргээжээ

post-img

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлээ хүчирхийлсэн хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшилсон. Түүний бага насны хүүхдүүдийн эрх ашиг, сонирхол, эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх, эцэг, эх хүүхдийн өмнө хүлээх үүрэг хэвээр хадгалагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Б.Эрдэнэсүхэд авсан таслан сэргийлэх арга хэмжээнээс “Насанд хүрээгүй Ц, Ц нартай уулзах, харилцаа холбоо тогтоохыг хориглох арга хэмжээ”-г шүүх өнөөдрөөс хүчингүй болгожээ. Харин Б.Эрдэнэсүхэд “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн хохирогч Н, О, Н, гэрч А нартай уулзах, харилцаа холбоо тогтоохыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ”-г шүүх хурал эхэлтэл хэвээр нь үлдээжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж, 1 дэх хэсгийн 1.3-т “…өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэх хангах арга хэмжээг авна. …” гэж заасан байдаг. Үүнд үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүлээн авч, талуудын хүсэлтээр шүүх хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 18-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Баатар мэдээллээ.

Нийслэлийн Прокурорын газар Б.Эрдэнэсүхэд доорх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг нь 2026 оны 5 дугаар сарын 12-нд тус шүүхэд шилжүүлжээ. Үүнд:

  • Эхнэр Н-г байнга буюу 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онд зодсон,
  • 2023 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн *** тоот гэртээ толгой хэсэгт 3 удаа цохиж, хацар хэсэгт гутлаараа гишгэж нүүр хэсэг рүү шүлсээ хаясан,
  • 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн орчим тээврийн хэрэгсэл дотор зүүн гарын булчин хэсэгт олон удаа цохиж, хамар хэсэгт нэг удаа цохиж,
  • 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн **** тоот гэртээ шалтгаангүйгээр толгой хэсэгт олон удаа цохиж,
  • 2024 оны 12 дугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн **** тоот гэртээ зүй бус үгээр хараагаад үснээс нь зулгааж, шанаа хэсэгт нэг удаа, толгой хэсэгт 3-4 удаа цохиж,
  • 2025 оны 05 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн **** байрны орцонд шалтгаангүйгээр уруул, баруун талын чих хэсэгт гараар цохисон,
  • 2025 оны 06 дугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн *** тоотод зодож,
  • 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн **** тоот гэртээ шалтгаангүйгээр зүй бус үг хэллэгээр хараагаад миний толгой руу 3-4 удаа цохиж, гуя хэсэгт олон удаа цохиж, зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,
  • 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн орчим тээврийн хэрэгсэл дотор эхнэр Н-г “бичлэг хийж байхад надад зөвлөж хэлсэнгүй” гэх шалтгаанаар зүүн гарын булчин хэсэгт олон удаа цохиж, хамар хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн сарвууны 4-р хуруунд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
  • Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа эхнэр Н-г хянах зорилгоор 2025 оны 07 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны гадна талын автомашины шороон зогсоолд байрлуулсан “Лексус 470” (Lexus 470) маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “ML 150” загварын, *** дугаартай байршил тогтоох зориулалт бүхий “жи пи эс” (GPS) төхөөрөмжийг байршуулж, мөрдөн мөшгөсөн,
  • Хүү Н (16 настай)-ийг 2025 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаа орчимд гуя хэсэгт хэдэн хэдэн удаа өшиглөсөн,
  • 2025 оны 6 дугаар сарын дунд үеэр Хан-Уул дүүргийн *** тоот гэртээ гар, цээж хэсэгт хэд хэдэн удаа цохисон,
  • 2025 оны 02 дугаар сарын дунд үеэр Хан-Уул дүүргийн **** тоот гэртээ “Нүдийг нь сохолно” хэмээн сэрээ барин дайрч, зайл хэмээн гэрээсээ хөөж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө ашиглах эрхэд халдаж, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн

2026 оны 6 дугаар сарын 18-нд шүүх хурлыг хойшлуулж, талуудын хүсэлтээр 2026 оны 8 дугаар сарын 24-нд товлосон. Гэвч өнөөдөр түүний өмгөөлөгч Д.Цэрэнхандаас “2026.08.22-ны өдөр шүүгдэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хавтаст хэргийн материалтай танилцаагүй тул хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэж хүсжээ. Өөр нэг өмгөөлөгч Г.Цэрэнжамц нь “…Шүүгдэгч Б.Эрдэнэсүхэд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнээс насанд хүрээгүй хүүхдүүд болох Ц, Ц нартай уулзах, харилцаа холбоо тогтоохыг хориглосон хэсгийг өөрчилж, уулзах боломжоор хангаж өгнө үү…” гэх хүсэлт гаргажээ.

Б.Эрдэнэсүхэд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч 2026.02.16-нд 001369 дүгээр захирамж гаргаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн хохирогч Н, О, Н, Ц, Ц, гэрч А нартай уулзах, харилцаа холбоо тогтоохыг хориглосон байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж, 10 дугаар зүйлийн 10.2-т “Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.

Б.Эрдэнэсүхийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Ц, Ц нарыг энэ хэрэгт хохирогч гэж үзэхгүй байгаа аж.

0/1000