horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Лүн-Эрдэнэсант-Хархорин чиглэлд авто зам тавихад ОПЕК-ийн Олон улсын хөгжлийн сан хамтрахаар болжээ

post-img

Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай өчигдөр (2026.08.24) ОПЕК-ийн Олон улсын хөгжлийн сангийн Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн газрын захирал Герри Фарко болон Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах менежер Тошифүми Казаока нартай уулзаж, Лүн-Эрдэнэсант-Хархорин чиглэлийн авто замын төслийн бэлтгэл ажил, санхүүжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Монгол Улсад зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцож байгаад ОПЕК-ийн Олон улсын хөгжлийн сангийн төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.

Мөн өмнө нь ОПЕК-ийн Олон улсын хөгжлийн санд танилцуулж байсан Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замын төслийг Монгол Улсын Засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэлээ.

Түүнчлэн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто зам нийслэлээс баруун болон хойд аймгууд руу гарах, нийслэлд нэвтрэх хөдөлгөөний дийлэнх хэсгийг дамжуулдаг, улсын хэмжээний хамгийн ачаалал ихтэй гол замуудын нэг учраас тус замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор авто замыг өргөтгөн шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг ЗТЯ-наас үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж буйг танилцууллаа. Энэ хүрээнд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр Дэлхийн банктай албан ёсны уулзалт, хэлэлцээрийг хийж байгаа бөгөөд төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар мөн мэдээллээ.

Харин тус замын үргэлжлэл болох Лүн-Эрдэнэсант-Хархорин чиглэлийн авто замын төслийг ОПЕК-ийн Олон улсын хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэхүү авто замыг хөгжүүлснээр Улаанбаатар хотоос баруун аймгууд руу чиглэсэн тээврийн хөдөлгөөний хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ Хархорин болон цаашлаад Шинэ Хархорум хотыг нийслэлтэй холбох стратегийн чухал ач холбогдол бүхий тээврийн коридор бүрдэхийг онцоллоо.

Тиймээс Лүн-Эрдэнэсант-Хархорин чиглэлийн авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах, төсөлд бэлтгэх бусад шаардлагатай судалгааны ажлыг хийж гүйцэтгэх техникийн туслалцааны төслийг ОПЕК-ийн Олон улсын хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх саналыг дэвшүүллээ. Мөн энэ асуудлаар Зам, тээврийн яамнаас холбогдох саналыг Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд төслийн бэлтгэл ажлыг богино хугацаанд эхлүүлэх шаардлагатай байгааг тодотгов. ОПЕК-ийн Олон улсын хөгжлийн сангийн төлөөлөгчид Лүн-Эрдэнэсант-Хархорин чиглэлийн авто замын төслийн ач холбогдлыг дэмжиж, цаашид хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд төслийн бэлтгэл ажил, шаардлагатай судалгаа, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, цаашдын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг судлан, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.

0/1000