ОХУ-ын хоёр дахь том онлайн худалдааны платформ болох “Озон” компанийн ложистикийн төвүүд Украины дроны халдлагын бай болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хиймэл дагуулаас хамгийн сүүлд авсан шинэ зургаас үзвэл зарим байгууламжид гал түймэр гарч байгаа нь тодорхой харагджээ. Тус агентлагийн мэдээлснээр, 8 дугаар сарын 22-24-нд ОХУ-ын хэд хэдэн бүс нутаг дахь “Озон” компанийн агуулахууд Украин дараалан халдсан байна.
Хамгийн сүүлд өчигдөр Дагестаны нийслэл Махачкала хот дахь “Озон”-ы ложистикийн төвд дрон халдаж, гал гарсан байна. Хиймэл дагуулын зургаар, уг байгууламжаас өтгөн хар утаа суунаглаж буй нь тодорхой харагдлаа. Тухайн өдрийн хиймэл дагуулын мэдээлэлд галын ул мөр мөн бүртгэгджээ. Дагестаны эрх баригчид дроны үлдэгдэл унасны улмаас агуулахад гал гарсан гэж мэдээлсэн байна.
Энэ нь “Озон”-ы агуулахуудыг чиглэсэн дараалсан халдлагын нэг байв. 8 дугаар сарын 22-нд Самара мужийн Чапаевск хот дахь “Озон”-ы агуулах халдлагад өртөж, барилга галд автсан бол маргааш нь Оренбург муж дахь ложистикийн төвд дроны үлдэгдэл унажээ. Тус байгууламжаас 300 гаруй ажилтныг нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Мөн Краснодар, Адыгей, Ставрополийн хязгаарын Невинномысск зэрэг газарт байрлах “Озон”-ы ложистикийн төвүүд халдлагын улмаас нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагаагаа түр зогсооход хүрчээ. “Ройтерс”-ын мэдээлснээр, 3 өдөрт “Озон”-ы нийт 6 байгууламж халдлагад өртсөн байна.

Яагаад “Озон”-ыг онилж байна вэ?
Эдгээр халдлага ОХУ-ын гүн дэх эдийн засаг, ложистикийн дэд бүтцэд чиглэсэн Украины дроны цохилтын цар хүрээ нэмэгдэж байгааг харуулж байна. “Озон” болон ОХУ-ын хамгийн том онлайн худалдааны компани “Wildberries”-ийн агуулахууд зөвхөн худалдааны бараа хадгалдаг байгууламж төдийгүй улс даяар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх томоохон ложистикийн сүлжээ юм.
Украины тал эдгээр байгууламж ОХУ-ын дайны эдийн засаг, ложистикийн сүлжээтэй холбоотой гэж үзэн, стратегийн объект болгон онилж байгаа бол Москва ийм халдлагыг ОХУ-ын нутаг дэвсгэрийн эсрэг довтолгоо гэж буруутгаж байна. “Ройтерс”-ын мэдээлснээр, “Озон”-ы халдлагын дараа Москвагийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ нэг үе бараг 30 хувиар унав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 8 дугаар сарын 24-нд дроны халдлагад өртсөн, хамгаалалт сул гэж үзсэн стратегийн дэд бүтцэд төрөөс түр хяналт тогтоох боломж олгосон зарлиг гаргав. Энэ нь эдгээр халдлагын эдийн засгийн үр дагавар нэмэгдэж байгааг харуулж байна. Уг арга хэмжээ нь эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, холбоо болон ложистикийн салбарын байгууламжуудыг хамарчээ.
Ийнхүү Украины алсын тусгалтай дроны ажиллагаа фронтын шугамаас хэдэн зуун, зарим тохиолдолд мянга гаруй километрийн зайд орших ОХУ-ын эдийн засаг, логистикийн байгууламжуудыг хамрах болж, Орос, Украины дайны шинэ үе шатны нэг онцлог болж байна.

