Монгол Улсын иргэдийн интернэт банканд халдаж, мөнгийг нь авдаг байсан бүлэг этгээдийг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар илрүүлэн баривчиллаа. Уг бүлэгт гадаадын 1, Монголын 4 иргэн байжээ. Тэднийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт орон сууцанд байрлаж байхад нь илрүүлэн саатуулав. Уг ажиллагааг тус дүүргийн Прокурорын газрын хяналт доор явуулжээ.
Баривчлах үед тэдний бие, орон байраас нь фишинг халдлагад ашигладаг төхөөрөмж, эд зүйлс олджээ. Тэдгээрийг эд мөрийн баримт болгож, хураасан байна.
Тэд хортой фишинг саит ажилуулдаг байсан аж. Ингээд тэд интернэт банктай иргэдийн гар утсанд “Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал”, “Арилжааны банкнаас судалгаа авч байна” гэх зэрэг хуурамч явуулж, цахим орчинд тавьдаг байжээ. Уг зарыг үзэхээр нэвтэрсэн иргэдийн мэдээллийг фишинг саитаараа дамжуулан хуулж авдаг. Тэрхүү мэдээлэл дотор нь цахим банкандаа нэвтрэх нэр, нууц үг зэрэг нь байна. Үүгээрээ иргэдийн цахим банканд нэвтэрч, мөнгийг нь шилжүүлэн авч байжээ.

Тэд гадаадын гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой юм байна. Гадаадын бүлэглэл нь тэднийг зааварчилж, хэрхэн фишинг халдлага үйлдэхийг нь заадаг байсан аж. Монгол Улсын иргэдийг гадаад руу авч явж аялуулангаа уг бүлэглэлдээ элсүүлдэг байжээ. Мөн гадаадад сурдаг монгол оюутнуудыг бэлэн мөнгө, эд зүйлээр урамшуулах замаар өөртөө татаж, бүлэгтээ татан оруулдаг гэж ЦЕГ мэдээллээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1.2 Кибер орчинд хууль бусаар халдах, 17.1.1 Хулгайлах гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.

