Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын (LLDCs) Байгаль орчны сайд нар өнөөдөр уулзав. Тэд газрын доройтол, цөлжилт, гангийн сөрөг нөлөөг бууруулах, хуурайшилтад тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, байгальд суурилсан шийдэл хэрэгжүүлэх, газар-усны нэгдсэн менежмент болон олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Уг уулзалтыг нээж БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Монголын туршлага, тэр дундаа бэлчээрийн тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах, байгальд суурилсан шийдэл болон “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлж буй санаачилгуудыг танилцууллаа.
Дэлхийн хүн амын ердөө 7 хувийг далайд гарцгүй, хөгжиж буй 32 улс бүрдүүлдэг. Эд Дэлхийн нийт газар нутгийн 12 хувийг эзэлдэг боловч 2012-2023 онд бүртгэгдсэн ган, хөрсний гулгалтын 20 гаруй хувьд өртсөн байна. Гэтэл газар нутгийнх нь талаас илүү хувь нь хуурай бүсэд хамаардаг. Тиймээс эдгээр улс хамтын ажиллагаагаа бэхжүүлж, газрын доройтол, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилтийг нэмэгдүүлэхээр байр сууриа нэгтгэж байна.

