horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ирантай холбоотой 60-аад хүн, байгууллага, хөлөг онгоцонд АНУ хориг тавилаа

post-img

Ираны эдийн засагт үзүүлэх дарамтаа АНУ эрс нэмэгдүүлж, тус улстай худалдаа, санхүүгийн харилцаатай бусад улс, компаниудад ч хоёрдогч хориг тавих боломжтой гэдгээ анхаарууллаа. Харин Вашингтоны шинэ арга хэмжээг Иран “Эдийн засгийн түрэмгийлэл” хэмээн буруутгаж, “Хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдэв.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент 8 дугаар сарын 24-нд Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээг зарлахдаа Тегераны эдийн засгийн гол орлогын эх үүсвэрийг таслах зорилготой гэдгийг мэдэгдсэн байна. Шинэ багцад Ирантай холбоотой 60 орчим хувь хүн, байгууллага, хөлөг онгоц багтжээ.

Гуравдагч орнууд ч дарамтад орж болзошгүй

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн анхаарал татсан хэсэг нь зөвхөн Ираны компаниудад бус, Ирантай бизнес эрхэлж буй гуравдагч орны компани, санхүүгийн байгууллагуудад чиглэсэн анхааруулга юм. Вашингтон Ирантай худалдаа, ялангуяа газрын тосны наймаагаа үргэлжлүүлсэн байгууллагуудыг АНУ-ын санхүүгийн системээс тусгаарлах зэрэг илүү хатуу арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгджээ. Гэхдээ одоогоор Хятадын томоохон банкуудад хамгийн хатуу хоёрдогч хориг тавиагүй байна. Учир нь Хятад улс Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч хэвээр байгаа юм.

Ингэснээр Вашингтон нэг талаас Ираны газрын тосны орлогыг бууруулахыг зорьж байгаа ч нөгөө талаас Дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон цочрол үүсгэх эрсдэлээс болгоомжилж байгаа дүр зураг харагдаж байна.

Иран: “Хариу арга хэмжээ авна”

Ираны Эдийн засгийн сайд Али Маданизаде шинэ хоригт хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Ираны цэргийн албан тушаалтан Хоссейн Мохебби Ираны дэд бүтцэд халдсан тохиолдолд АНУ-ын ашиг сонирхолд цохилт өгч болзошгүй гэж анхааруулжээ.

Тегеран мөн өөртэй нь хамтран ажиллаж буй улс орнуудад Вашингтоны дарамтыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалж байна. Хятад улс ч АНУ-ын нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцэж, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалжээ.

Ормузын хоолой хамгийн том эрсдэл хэвээр

АНУ-ын хоригийн шинэ давалгаа Дэлхийн эрчим хүчний зах зээлд хамгийн түрүүнд нөлөөлөх эрсдэлтэй байна. Учир нь Иран Персийн булангаас Дэлхийн зах зээлд газрын тос тээвэрлэх гол гарц болох Ормузын хоолойг хянах стратегийн байрлалтай.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэх хөдөлгөөн эрс буурчээ. Иран зөвшөөрөлгүй газрын тос тээвэрлэгчдэд цохилт өгөхөөр заналхийлж байгаа юм.

Гэсэн хэдий ч хориг зарлагдсаны дараа газрын тосны үнэ шууд огцом өссөнгүй. 8 дугаар сарын 24-нд Brent маркийн газрын тосны үнэ 2.22 ам.доллар буюу 2.35 хувиар буурч, баррель нь 92.17 ам.долларт хүрсэн байна. Харин өнөөдөр зах зээл шинэ хоригийн бодит хэрэгжилт болон Ираны хариу үйлдлийг ажиглан, үнэ харьцангуй тогтвортой байлаа.

Дипломат гарц улам хумигдаж байна

АНУ-ын шинэ хориг Ирантай хийсэн түр хугацааны дипломат тохиролцооны найдвар суларсан үед хэрэгжиж эхэлж байна. Пакистан зуучлан, хоёр талын яриа хэлэлцээг сэргээхийг оролдож байгаа ч одоогоор бодит ахиц бага байна. Ийнхүү Вашингтон Ираныг цэргийн дарамтаас гадна санхүү, худалдаа, газрын тосны орлогоор нь шахах бодлогоо эрчимжүүлж, Тегеран эдийн засгийн болон цэргийн хариу арга хэмжээ авах дохио өгч байна.

Хэрэв Иран газрын тосны тээвэрлэлтийг Ормузын хоолойд дахин хязгаарлавал энэ нь зөвхөн хоёр орны харилцаанд бус, Дэлхийн нефтийн үнэ, тээврийн зардал, инфляцад хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

0/1000