Монгол, Хятад, Япон Улсын эрдэмтэд COP17 хурлаар “Side Event” зохион байгуулж, Элсэнтасархай дахь Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төвийг түшиглэн элсний нүүлт, шороон шуурга хэмжих судалгаа явуулахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, “Impacts and Regulation of Climate Change and Human Activities on Desertification and Dust Storm Processes in the Mongolian Plateau” сэдэвт Side Event (93) зохион байгуулав.
Энэхүү үйл ажиллагааг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн харьяа Баруун хойд бүсийн Экологи, Байгалийн нөөцийн хүрээлэн, Бээжингийн ойн их сургууль, Япон Улсын Тоттори их сургуулийн Хуурай бүсийн судалгааны төв болон БНХАУ-ын ШУА-ийн Хятад–Монгол–Оросын хуурай, сэрүүн бүсийн байгаль орчин, инженерчлэлийн олон улсын судалгааны төв, Монгол Улсын БОУАӨЯ-ны харьяа Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид өөрсдийн гүйцэтгэсэн шинэлэг судалгааны үр дүнг танилцуулав.

Тухайлбал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, экосистемийн нөхөн сэргээлт, урт хугацааны экологийн мониторинг зэрэг олон чиглэлээр судалгааны ажлын үр дүнгээс танилцуулж, тулгамдаад буй асуудал, шийдлийг тодорхойлов.
Хурлын дүнд “Монголын тэгш өндөрлөгийн хэмжээнд шар шороон шуурганы мониторинг, салхин гаралтай элсжилтийн үйл явцыг үнэлэх, зураглах болон түүний сөрөг нөлөөллийг бууруулах” чиглэлээр хамтарсан төсөл дэвшүүлэхээр тогтлоо.
Мөн хурлын төлөөлөгчид 22–24-ний өдрүүдэд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын судлаачидтай хамтран Элсэнтасархай дахь “Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны төв”-д ажиллав. Энэ үеэр салхины хурд, чиглэл, элсний нүүлт хөдөлгөөнийг хэмжих багаж (HKT100 марк, өндрийн 5 түвшинд хэмжинэ) суурилуулах байршлыг тодорхойлов. Жил бүр тус багажийг байгалийн ялгаатай хэв шинжүүдийг төлөөлүүлэн 2026-2028 оны хугацаанд суурилуулан, хамтран ажиллахаар тогтож, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон БНХАУ-ын ШУА-ийн харьяа Баруун хойд бүсийн Экологи, Байгалийн нөөцийн хүрээлэн Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын тэгш өндөрлөгийн цөлжилт, газрын доройтол, элсний нүүлт, шороон шуурганы мониторингийн сүлжээг өргөжүүлж, олон улсын түвшинд хамтран судалгаа явуулах болон залуу судлаачдыг чадавхжуулах шинэ боломжуудыг нээж өгч байгаагаараа онцлог юм.

