horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ормузын хоолойд тээврийн түр коридор байгуулахаар хэлэлцэж байна

post-img

Иран, Оман улс стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойгоор хөлөг онгоц аюулгүй нэвтрүүлэх түр коридор байгуулах асуудлаарх хэлэлцээгээ сэргээжээ. Мөн хоёр улс хоолойд тавигдсан байж болзошгүй миныг цэвэрлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан байна.

Энэ талаар Оманы Гадаад хэргийн сайд Бадр бин Хамад аль-Бусаиди 8 дугаар сарын 25-нд Тегеранд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитэй уулзсаны дараа мэдэгдэв. Хоёр тал Ормузын хоолойн өнөөгийн нөхцөл байдалд тохирсон, үе шаттай хэрэгжүүлэх боломжтой тогтолцооны талаар санал солилцжээ.

Хоёр улсын хамтарсан мэдэгдэлд түр хугацаанд хэрэгжүүлэх хамтарсан навигацын коридор байгуулах, мөн хоолойг минаас цэвэрлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан гэж дурдсан байна.

Гэхдээ уг коридорыг одоогоор бүрэн нээсэн гэсэн үг биш юм. Техникийн хэлэлцээг цааш үргэлжлүүлж, байнгын навигацын коридор байгуулах, Ормузын хоолойг цаашид удирдлах зохицуулалт, хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах, мэдээлэл солилцох механизмыг тодорхой болгохоор төлөвлөжээ. Оманы Гадаад хэргийн сайд түр коридорыг “удахгүй” зарлах боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Ормузын хоолой яагаад чухал вэ?

Ормузын хоолой нь Персийн булан, Оманы буланг холбодог, Дэлхийн хамгийн чухал эрчим хүчний тээврийн гарцуудын нэг юм. Дайнаас өмнө Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн ойролцоогоор тавны нэгийг нь энэ хоолойгоор дамжуулдаг байжээ.

Харин 2 дугаар сард дайн эхэлснээс хойш хөлөг онгоцны хөдөлгөөн эрс цөөрч, ихэнх тээвэр зогссон байна. Иймээс уг хоолойгоор дамжин өнгөрөх тээврийг аюулгүй сэргээх нь зөвхөн Иран, Оманд төдийгүй Дэлхийн эрчим хүчний зах зээлд чухал ач холбогдолтой.

Мина цэвэрлэх асуудалд хоёр өөр байр суурь байна

Ормузын хоолойд мина байгаа эсэх асуудал хэлэлцээний гол хэсэг болж байна. Иран, Оман хамтран мина цэвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8 дугаар сарын 25-нд “АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин уг хоолойн олон улсын усан дахь миныг аль хэдийнэ цэвэрлэсэн” гэж мэдэгдэв. Тэрээр “Цаашид мина тавих аливаа оролдлогод хатуу хариу өгнө” гэж анхааруулжээ.

Гэсэн хэдий ч хөлөг онгоцны хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна. 8 дугаар сарын 25-нд Оманы эргээс ойролцоогоор 17 км-ийн зайд танкер үл таних биетэд оногдож, хөдөлгөөнгүй болсон талаар Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны байгууллага мэдээлжээ. Энэ нь усан замын аюулгүй байдлын эрсдэл бүрэн арилаагүйг харуулж байна.

АНУ, Ираны хэлэлцээ мухардсан хэвээр

Иран, Оманы хэлэлцээ АНУ, Ираны хоорондох дипломат үйл явц зогсонги байдалд орсон үед өрнөж байна. Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа АНУ нэмж, 8 дугаар сарын 25-нд Ирантай холбоотой 60 гаруй хүн, байгууллага, хөлөг онгоцонд шинэ хориг тавьсан. Тегеран эдгээр арга хэмжээг хууль бус гэж үзэн хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Иран бүрэн хэмжээний навигацыг сэргээх асуудлыг АНУ-ын хориг, тэнгисийн цэргийн бүслэлт зэрэг асуудалтай холбон тавьж байгаа бол Оман хоёр талын хооронд зуучлах дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна.

0/1000