Орос, Украины хоорондын дайн үргэлжилж буй энэ үед хоёр тал бие биенийхээ цэргийн болон дэд бүтцийн байгууламжуудыг онилсон цохилтоо эрчимжүүлжээ. Оросын тал Украины боомтын байгууламжууд болон Донецк мужийн чиглэлд цохилт өгснөө мэдээлсэн бол Украины арми Запорожийн бүс дэх Оросын шатахуун, сум хэрэгслийн агуулахуудыг бөмбөгдсөн байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус улсын цэрэг Украины өмнөд хэсгийн боомтын дэд бүтцэд цохилт өгчээ. Москва өмнө нь Хар тэнгисийн эрэг дэх Украины боомтуудыг цэргийн хангалт, экспортын тээвэрт ашиглагдаж байна гэж үзэн тогтмол онилж ирсэн юм.
Донецкийн чиглэлд Орос ахиц гаргаснаа мэдээлэв
Оросын тал мөн Донецк мужийн фронтын нэг хэсэгт нутаг дэвсгэрийн ахиц гаргасан гэж мэдэгдсэн байна. Харин Украины тал Оросын давшилтыг тогтоон барихын тулд фронтын шугамын хэд хэдэн чиглэлд хамгаалалтаа бэхжүүлж байгаа аж.
Донецк нь дайны гол төвүүдийн нэг хэвээр байгаа. Оросын арми Украины зүүн хэсэгт цэргийн дарамтаа үргэлжлүүлж байна. Гэхдээ байлдааны талбарт гарсан нутаг дэвсгэрийн өөрчлөлтийн талаарх талуудын мэдэгдэл харилцан зөрдөг.

Украин Оросын шатахуун, сум хэрэгслийн байгууламжийг онилов
Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр Запорожийн чиглэлд Оросын цэргийн хангалтад ашиглагдаж буй шатахуун болон сум хэрэгслийн объектуудыг цохилтын бай болгожээ. Тус улс сүүлийн саруудад Оросын газрын тос боловсруулах үйлдвэр, түлшний агуулах, логистикийн төвүүдэд алсын тусгалт дроноор цохилт өгөх тактикаа эрчимжүүлсэн.
Киевийн тайлбараар ийм ажиллагааны зорилго нь Оросын армийн түлш, зэвсгийн хангалтыг тасалдуулж, дайныг үргэлжлүүлэх эдийн засаг, үйлдвэрлэлийн чадавхыг сулруулах явдал юм.
Сүүлийн долоо хоногуудад Украины цохилтын улмаас Оросын эрчим хүчний салбарт дарамт нэмэгдсэн байна. “Reuters”-ийн мэдээллээр Украин Оросын ТАНЕКО газрын тос боловсруулах үйлдвэр болон “Таманьнефтегаз”-ын нефтийн терминалд мөн цохилт өгч, гал гарсан талаар Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлжээ.
Хар тэнгисийн боомтууд дахин дайны бай болж байна
Боомтын дэд бүтцэд чиглэсэн цохилт нь Украины эдийн засагт онцгой ач холбогдолтой. Тус улс үр тариа болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан Дэлхийн зах зээлд гаргадаг.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросыг хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй хөлөг онгоцуудад халдах боломжтой гэж буруутгаж, Хар тэнгисийн иргэний хөлөг онгоцны эсрэг цохилтыг зогсоох талаар тохиролцох шаардлагатай гэж мэдэгдсэн. Харин Москва ийм тохиролцоонд хүрэхийн тулд Украины зүгээс Оросын нефть боловсруулах үйлдвэр болон эрчим хүчний байгууламжид хийх цохилтоо зогсоох ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Дайны стратеги дэд бүтэц рүү шилжиж байна
Ийнхүү фронтын шугам дахь байлдааны ажиллагаатай зэрэгцэн хоёр тал дайсны эрчим хүч, шатахуун, ложистик, үйлдвэрлэл, боомтын дэд бүтцийг системтэйгээр онилох болсон нь дайны шинэ үе шатны нэг онцлог болж байна. ОХУ-ын хувьд Украины боомт, экспортын дэд бүтцэд цохилт өгөх нь Киевийн эдийн засаг болон цэргийн хангалтад дарамт үзүүлэх зорилготой бол Украины хувьд Оросын нефть боловсруулах үйлдвэр, түлшний агуулах, логистикийн байгууламжийг онилох нь Москвагийн цэргийн ажиллагааг санхүүжүүлэх болон хангах чадавхыг бууруулах зорилготой байна.
Дайн эхэлснээс хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн ч талууд гал зогсоох тохиролцоонд хүрээгүй хэвээр байгаа бөгөөд цэргийн ажиллагаа болон эдийн засгийн дэд бүтцийн эсрэг цохилт зэрэгцэн үргэлжилж байна.

