Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлыг 2026 онд Монгол, Армени, БНТУ-д дараалан зохион байгуулж байна. Энэ нь биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлыг цогцоор нь авч үзэх, конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэх чухал боломжийг бүрдүүлж байгаа юм.
Монгол Улс 1993 онд Биологийн олон янз байдлын тухай конвенцод нэгдэн орсон. Түүнээс хойш Конвенцын Нарийн бичгийн даргын газар, хөгжлийн түншүүдтэй нягт хамтран ажиллаж иржээ.
СОР17 хуралд НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай Конвенцын нарийн бичгийн дарга Астрид Шомейкэрээр ахлуулсан баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Астрид Шомейкэр болон түүний баг бүрэлдэхүүнд Монгол Улсад хүрэлцэн ирж, UNCCD COP17-д оролцож байгаад талархал илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 06 дугаар сард Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө шинэчлэн баталсан. Энэхүү төлөвлөгөөг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ. Улмаар биологийн олон янз байдлын мониторинг хийх, Үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд шаардлагатай олон эх үүсвэрт санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сайн туршлага, мэдлэг солилцоог өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, институцийн зохицуулалтыг бэхжүүлэх зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн СBD-ийн Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Астрид Шомейкэр COP17-ын хүрээнд Риогийн гурван конвенцын одоогийн болон дараагийн удирдлагууд энэ сарын 26-нд буюу өнөөдөр уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх Өндөр түвшний яриа хэлэлцээ зохион байгуулах тухай мэдээлэл өглөө. Энэхүү яриа хэлэлцээ нь Турк Улсын удирдан хэрэгжүүлэх COP31-ын даргалах үйл явцыг эхлүүлж, Риогийн конвенцуудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны бүлгийг байгуулахад чиглэж байгаа талаар дурдав.
Мөн Монгол Улс СОР17 хурлын даргалагч орны хувьд Риогийн конвенцуудын уялдаа холбоог хангахад манлайлж ажиллах нь зүйтэй гэдгийг тодотгоод цаашид биологийн олон янз байдлыг хамгаалах, төсөл хөтөлбөрийн үр шимийг дээшлүүлэх зэрэгт бүхий л дэмжиж ажиллана гэлээ.


