horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Фронтын шугамаас 2 цэргээ аварсан ротын даргыг Украин даяар бахдаж байна

post-img

Украины дайны фронтод дрон, мина, их бууны гал доор байдаг, цэргүүдийн “Үхлийн бүс” гэж нэрлэсэн газраас 29 настай, рот командлагч Владислав Польский шархадсан 2 цэргээ амь өрсөн аварчээ. Түүний энэ явдал Украин даяар олны анхаарлыг татлаа.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнийг “Эх оронч эр зоригийн жишээ” хэмээн үнэлж, түүнийг цэргийн хамгийн дээд шагнал болох Украины баатар цолоор шагнав.

Энэ явдал 8-р сарын 15-нд Украины зүүн хойд хэсгийн Харьков муж дахь фронтын шугамд болсон байна. Тэнд 2 украин цэрэг байлдааны үеэр хүнд шархадсан байна. Тэднийг алсын удирдлагатай, газар дээр явдаг робот машинаар ар тал руу тээвэрлэж байжээ. Гэвч замд нь Оросын дэлбэрэх бодис ачсан нисдэг дрон таарч, тэднийг онож, робот машиныг нь эвдсэн байна.

Шархдагсдын нэг нь машинаас бууж, мөлхөн ойролцоох шуудуунд нуугдаж чадсан бол нөгөө нь машины тавцан дээр хөдөлж чадахгүй хэвтэж үлджээ. Түүний хөл хүнд гэмтсэн байна. Түүнийг тэнгэрээс харахад ил хэвтэж байсан учир дронуудын хамгийн амархан бай болохоор байсан аж.

Командлагч хуяггүйгээр машиндаа суун хөдөлжээ

29 настай бага дэслэгч Владислав Польский тухайн үед фронтоос 15 километрийн зайд байрлах командын төвөөс дроны дүрсийг шууд харж байжээ. Тэр 2 цэргийг тэнд нь орхивол амьд үлдэх боломж бараг байхгүй гэж тэр үзээд, энгийн пикап машиндаа ганцаараа суун хөдөлсөн байна.

Түүнд дуулга, хуягласан хамгаалалт, дрон саатуулах төхөөрөмж аль нь ч байгаагүй. Минатай зам, шатсан техникүүдийн дундуур маш хурдтай давхисаар тэр шархадсан цэргүүдэд хүрчээ.

Польский энэ мөчийг “Хэрэв миний оронд байсан бол намайг ч бас ирээд аваасай гэж хүсэх байсан” хэмээн “Reuters” агентлагт ярьсан байна. Аврах ажиллагааг Украины тагнуулын дронууд агаараас шууд ажиглаж байв.

Тэдний хийсэн бичлэгт пикап машин өндөр хурдтай шороон замаар орж ирээд, эвдэрсэн роботын хажууд огцом ухарч зогсож буй нь харагддаг байна. Польский хоёр цэргийг машиндаа өргөн суулгаад, буцан давхижээ. Командын төвд байсан дроны бүлгийн ахлагч “Малый” энэ талаар “Ганцхан дрон, нэг мина гурвууланг нь тэр дор нь устгах боломжтой байсан” хэмээн ярьжээ.

0/1000