Жижиг, дунд бизнес эрхлэгчид банкны зээлээс гадна олон нийтээс хөрөнгө босгох боломжтой болох эрх зүйн орчин бүрдүүлэхээр УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал, гарааны болон жижиг, дунд бизнесүүдэд санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болж, иргэдэд ч хөрөнгө оруулах шинэ боломж нээгдэх юм.
Гарааны болон жижиг, дунд бизнесүүдийн гол тулгамдсан асуудал нь санхүүжилт. Банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө, зээлийн шалгуур, өндөр зардал зэрэг олон шаардлагыг тавьдаг. Үүний улмаас шинэ санаа, бүтээгдэхүүнтэй ч санхүүжилтээ шийдэж чаддаггүй бизнес олон байна. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 60 хувь нь санхүүжилтээ өөрийн хөрөнгөөр, 36 хувь нь банк, санхүүгийн байгууллагын зээлээр шийддэг байна. Харин хамтын санхүүжилт нь олон хүнээс бага хэмжээний хөрөнгө цуглуулж, нэг бизнес, төсөл, бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх боломж олгоно гэж тооцжээ.

Тухайлбал, нэг бизнест 100 сая төгрөг шаардлагатай бол банкнаас бүх мөнгийг зээлэхийн оронд цахим платформоор дамжуулан, олон нийтэд төслөө танилцуулж, шаардлагатай хөрөнгөө босгох боломжтой. Хуулийн төсөлд хамтын санхүүжилтийг хувьцаа, зээл, урамшуулал, хандив гэсэн дөрвөн хэлбэрээр зохицуулахаар тусгажээ. Үндсэндээ энэ хууль нь бизнесүүдэд мөнгө босгох шинэ боломж нээхийн зэрэгцээ иргэдийн мөнгийг хамгаалах дүрмийг бий болгох зорилготой гэжээ.
Өнөөдөр цахим орчинд зохицуулалтгүйгээр хөрөнгө татах, өндөр өгөөж амлах, хандив нэрээр мөнгө цуглуулах эрсдэл байна. Тиймээс хэн хөрөнгө татах эрхтэй байх, иргэдэд ямар мэдээлэл өгөх, мөнгийг хэрхэн хамгаалах зэрэгт тодорхой дүрэм тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар гарааны болон жижиг, дунд бизнесүүдэд санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болж, иргэдэд ч хөрөнгө оруулах шинэ боломж нэмэгдэх юм. Харин цахим платформоор дамжуулан мөнгө босгох үйл ажиллагааг ил тод, хяналттай болгож, залилангийн эрсдэлийг бууруулах зохицуулалт бий болно.


