Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүүхдүүд өнөөдөр гадаадад суралцахаар мордлоо. Энэ жил АНУ, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, ОХУ, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Австри, Энэтхэг гэсэн 16 улсын их, дээд сургуульд 300 оюутан суралцахаар явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залууст сурлагын амжилт хүсэн Төрийн далбаа дурсгаж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.
Тэрбээр, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, эрдмийн аянд мордож буй залууст чин сэтгэлийн баяр хүргэлээ.

Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болохыг хүсэн ерөөлөө. Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил, мэргэжилдээ эзэн болох ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр, засаг итгэж байгааг илэрхийллээ.
Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, бие биедээ тусалж, бие биеэ хүндэтгэж, бие биеэ дэмжиж явахыг захилаа.


