Балба, Төвөдийн хил дээрх уулсын хөндийд өчигдөр асар ширүүн үер буусны улмаас 160 гаруй хүн амиа алдаж, 500-гаад хүн сураггүй болоод байна. Сураггүй болсон хүмүүсийн 391 нь гадаадын жуулчин, 93 нь Балбын иргэн аж.
Балбын Засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, гамшиг болсон бүс нутагт эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаа зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ. Тус улсын арми бусад аюулгүй байдлын байгууллагуудын дэмжлэгтэйгээр гамшигт өртсөн дүүргүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг эрчимжүүлж байна. Уулархаг, гүн хөндий, нарийн хавцал ихтэй газар нутаг нь аврах, тусламжийн ажиллагааг хүндрүүлж байгаа аж.

Тус улсын Ерөнхийлөгч Рамчандра Паудел хүний амь, эд хөрөнгө сүйдсэнд туйлын ихээр эмгэнэж буйгаа илэрхийлээд, төрийн байгууллагууд, улс төрийн намууд болон иргэдийг аврах, тусламжийн ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа.
Үерийн улмаас тус улсын цахилгааны сүлжээ, томоохон усан цахилгаан станц болон цахилгаан дамжуулах байгууламж эвдэрч сүйджээ. Урьдчилсан байдлаар үерийн улмаас ойролцоогоор 19 гүүр, 40 орчим км авто зам усанд автан урсаж, сүйдсэн байна.

Расува дүүрэг хамгийн их хохирчээ. Үерийн хүчтэй урсгал айл, орон сууцны барилга, худалдааны зах, үйлчилгээний төвүүд, усан цахилгаан станцын байгууламж, авто зам, бусад дэд бүтцийг урсган, сүйтгэсэн. Энэ дүүргийн орлогч захирагч Друва Прасад Адхикари “Олон хүн сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдэгдэв.
Үертэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газар Балбатай хиллэдэг мужуудынхаа эрх баригчдад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өгчээ гэж “Ассошэйтэд пресс” агентлаг мэдээллээ.

