horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Луганскт автобус цохилтод өртөн, 9 хүн амиа алджээ

post-img

Украины зүүн фронтын нөхцөл байдал улам хурцдаж, Донецк мужийн стратегийн чухал хотуудын чиглэлд Оросын цэргүүд эрчимтэй довтолж байна. Энэ үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский туршлагатай хоёр командлагчийг тус бүсийн хамгаалалтыг бэхжүүлэх шинэ бүлэглэлүүдийг удирдуулахаар томилжээ.

Зеленский Андрий Билецкий, Денис Прокопенко нарыг Донецк мужийг хамгаалах цэргийн шинэ бүлэглэлүүдийг удирдуулахаар сонгосон байна. Билецкий Украины III армийн корпусыг удирддаг бол Прокопенко Азовын I корпусын командлагч юм. Тэднийг фронтын хамгийн хүнд чиглэлүүдийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор томилжээ.

Донецкийн “бэхлэлт хотууд” гол анхааралд байна

Оросын цэргүүд Донецк муж дахь Костянтинивка, Краматорск, Словянск зэрэг аж үйлдвэржсэн томоохон хот руу довтлох нь нэмэгдэж байгаа аж. Эдгээр хотыг Украин олон жилийн турш хамгаалалтын гол шугам болгон ашиглаж ирсэн. Фронтын цаашдын нөхцөл байдалд эдгээр хот стратегийн чухал ач холбогдолтой гэж үздэг.

Кремль Донбассын бүс нутгийг бүхэлд нь өөртөө нэгтгэх шаардлага тавьсаар байгаа. Энхийн хэлэлцээний хүрээнд ч Украиныг Донецкийн тодорхой газар нутгаас цэргээ татахыг шаардсан хэвээр байна. Ийм нөхцөлд Киев фронтын командлалын бүтэц, хамгаалалтын зохион байгуулалтаа шинэчлэхээр ажиллаж байна.

Шинэ томилгоог “Украин фронтын удирдлагыг илүү уян хатан, орчин үеийн хэлбэрт шилжүүлэх оролдлого” гэж ажиглагчид үзэж байна. Билецкий, Прокопенко нар байлдааны туршлагаас гадна дрон, сүлжээ төвтэй удирдлага болон НАТО-гийн хэв маягийн орчин үеийн тактик ашигладаг командлагчдын тоонд багтдаг аж.

Луганскт автобус цохилтод өртөж, 9 хүн амиа алдсан гэж Орос мэдэгдэв

Энэ үеэр Оросын эзэлсэн Луганск мужид зорчигч тээврийн автобус цохилтод өртөж, 9 хүн амиа алдсан гэж тус бүс нутагт ОХУ-аас томилсон захирагч Леонид Пасечник мэдэгдлээ. Түүний мэдээлснээр автобус Лисичанск хотоос Кадиевка рүү зорчиж явахдаа цохилтод өртсөн байна. Гэвч уг халдлагыг яг ямар төрлийн зэвсгээр үйлдсэн, автобусыг хаана болон ямар нөхцөлд оновчилсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Оросын тал уг цохилтыг Украины хүчин үйлдсэн гэж буруутгаж байгаа боловч “Ройтерс” үүнийг албан ёсоор баталгаажуулж чадаагүй байна. Украины тал уг хэрэг явдалтай холбоотой албан ёсны дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байгаа аж.

Зүүн фронт дахь байлдаан улам ширүүсэж байна

Сүүлийн өдрүүдэд Орос, Украин фронтын шугамын дагуу төдийгүй бие биеийнхээ ар талын дэд бүтэц, цэргийн болон эдийн засгийн байгууламжуудад дрон, пуужингийн цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлж байна. Украины тал Оросын нефть боловсруулах үйлдвэр, агуулах болон бусад стратегийн байгууламжийг онилсон бол Орос Украины хотууд руу агаарын довтолгооноо үргэлжлүүлж байгаа юм гэж “Ройтерс” мэдээллээ.

0/1000