Хятад, Балбын хилийн дагуу орших Төвөдийн өөртөө засах орны Гирон хошууны Гирон боомт орчимд 8-р сарын 26-ны өглөө Гималайн нуруунаас хөрс, чулуу асар хүчтэй нурж, үер үүсгэсэн. Энэ гамшигт 3 хүн амиа алдаж, 558 хүн сураггүй болоод байна.
Анх 3 хүн нас барж, 265 хүн сураггүй болсон гэж байсан ч аврах ажиллагаа явуулж, хүмүүсийг нарийн бүртгэхэд сураггүй болсон хүний тоо эрс нэмэгдэж, 558-д хүрчээ. Сураггүй болсон хүмүүсийн дотор гадаадын иргэн 260 байгаа тухай Хятадын төрийн төв телевиз мэдээллээ.

Гималайн уулархаг бүсэд их хэмжээний мөс, чулуу, шавар голын хөндий рүү нурж, улмаар асар хүчтэй үер үүссэнтэй энэ гамшиг холбоотой гэж үзэж байна. Уг гамшиг Балба, Төвөдийн суурин газруудад ноцтой хохирол учруулжээ.
Гирон боомт нь Хятад, Балбыг холбодог худалдаа, зорчигч тээврийн чухал хуурай замын гарцын нэг юм. Гамшгийн улмаас боомт руу хүрэх хэд хэдэн зам тасарч, цахилгаан болон холбооны сүлжээ доголдсон байна. Үүний улмаас аврах ажиллагаа хүндрээд байгаа аж.
Хятадын эрх баригчид геологийн гамшгийн хоёрдугаар түвшний онцгой байдлын дэглэм зарлаж, гал түймэр, аврах анги, цагдаа, цэргийн хүчнийг гамшгийн бүс рүү илгээжээ. Мөн майхан, хөнжил, ор болон бусад яаралтай тусламжийн 30 мянга орчим хэрэгслийг гамшигт нэрвэгдсэн бүсэд хүргэхээр ажиллаж байна.

Аврах ажиллагаанд нэмэлт хүндрэл учруулж буй нэг асуудал нь нурангийн улмаас голын дээд хэсэгт ус хаагдан тогтсон явдал юм. Хятадын холбогдох байгууллагууд уг тогтоц цаашид задарч, дахин хүчтэй үер үүсгэх эрсдэлтэй эсэхийг тогтоохоор усны түвшин, газрын хөдөлгөөнийг тасралтгүй хянаж байна.
Энэ гамшиг зөвхөн Төвөдийн талд бус, Балбын Расува зэрэг бүс нутагт асар их хохирол учруулсан томоохон гамшгийн нэг хэсэг болж байна. “Ройтерс”-ын хамгийн сүүлийн мэдээллээр Балба, Төвөдийн бүсэд нийлээд бараг 1,500 хүн сураггүй болж, Балбын талд нас барагсдын тоо 165-аас давжээ.

