Энэ жил 18 мянган суралцагч мэргэжлийн болон техникийн сургууль төгсжээ. Тэднээс тэтгэлэг олгох журмын шаардлага хангасан 11.870 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгосон байна.
Боловсролын ерөнхий газар 1.400 хүүхдийн материалыг хянаж, санхүүжилт олгоход бэлэн болсон аж. 4.156 төгсөгч шаардлага хангаагүй тул тэтгэлэгт хамруулах боломжгүй гээд хасжээ.
Эдгээр суралцагчид ямар үндэслэлээр тэтгэлэг олгоогүйг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир “ЗГ-ын 421-р тогтоолоор баталсан, тэтгэлэг олгох журам байгаа. Хичээлийн 80 хувьд нь суусан байх ёстой. Суралцагч хичээлдээ бүрэн сууж, эзэмших ёстой мэдлэг, чадвараа бүрэн эзэмших ёстой. Энэ шаардлагыг хангаагүй бол тэтгэлэг олгодоггүй.
Төгсөхдөө “Чадамжгүй” гэсэн үнэлгээ авсан бол тэтгэлэг олгохгүй. Өмнө нь өөр мэргэжлээр сураад, тэтгэлэг авсан бол давтан тэтгэлэг олгодоггүй. Харин шатлан сурвал тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мэргэжлийн сургуулиа төгсөөд, политехник коллежид сурвал тэтгэлэг олгодог.
Сурахдаа ажил хийж, албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэлэг олгодоггүй. Сурах хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн бол, 45-аас дээш настай суралцагчид тэтгэлэг олгодоггүй” гэж тайлбарлалаа.

