Бизнес эхлүүлэхэд хамгийн том бэрхшээл нь санхүүжилт. Гэтэл Монгол Улсад хамтын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн орчин дутагдалтай байна. Хэрэв ийм хуультай болж чадвал гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчид банкнаас зээл авахаас гадна олон нийт, хөрөнгө оруулагчдаас санхүүжилт босгох боломжтой болох юм.
Нөгөө талд иргэд ч боломж, эрсдэлийнхээ дагуу сонгосон төсөл, бизнест хөрөнгө оруулах шинэ сувагтай болох боломжтой. Тиймээс УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулаад байна.

Банкнаас зээл авч чадахгүй, эсвэл том хөрөнгө оруулагч хайж чаддаггүй гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт татах шинэ боломж нээж өгөх нь Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн гол сүнс нь. Товчхондоо олон хүн бага хэмжээгээр хөрөнгө оруулж, нэг бизнес, төсөлд хамтран санхүүжилт олгох боломжийг уг хуулиар зохицуулах юм.
Ингэснээр бизнес эрхлэгчид зөвхөн банкны зээл, танилын хүрээнд бус, олон нийт болон хөрөнгө оруулагчдаас санхүүжилт босгох боломж бүрдэнэ. Харин иргэд мөнгөний хэмжээ, эрсдэл даах чадвартаа тохируулан сонгосон төсөл, бизнест хөрөнгө оруулах шинэ суваг бий болно. Мөн хандив, урамшуулалд суурилсан санхүүжилтийг ил тод явуулах эрх зүйн орчин бүрдэх юм.

Хамгийн чухал нь, хэн дуртай нь мөнгө цуглуулдаг бус, санхүүжилт босгох болон мэдээлэх үйл ажиллагааг тодорхой журамтай болгож, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах зорилготой. Үндсэндээ энэ хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгчдэд мөнгө босгох шинэ гарц, иргэдэд хөрөнгө оруулах шинэ боломж бий болохын зэрэгцээ залилуулах, аливаа эрсдэлээс хамгаалах тогтолцоо бүрдэх юм.


