horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Чингисийн өргөн чөлөөний түгжрэлийг бууруулах 430 м замын ажил 12 дахь өдрөө гацаад байна

post-img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороон дахь Шаравын гудамжийг Ээрмэлийн гудамжтай холбох 430 метр замаар холбох юм. Энэ ажил газар чөлөөлөхтэй холбоотой маргаанаас болж гацаад байна. Чингисийн өргөн чөлөөний түгжрэлийг бууруулах зорилго бүхий 7 метр өргөн, 2 эгнээ уг замыг нийслэлийн хөрөнгөөр тавьж байгаа юм.

8 дугаар сарын 1-нд эл замыг тавьж эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ. Гэвч “Мон Лабел” ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулдаг газраас 200 ам метр орчмыг чөлөөлж чадахгүй байгаагаас үүдэн 12 дахь өдрөө тус ажил гацаад байна.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тухайн газрын өмчлөгч иргэн Л.Уранчимэг анх замын зураг, төсөл гарахад мэдэж байсан. Бид тус иргэний үйлчилгээний барилга барих “А” даалгавраа сунгуулах хүсэлтийг нь биелүүлж, тохиролцсон юм. Гэтэл бүтээн байгуулалтын ажил эхэлсэн хойно “Газраа чөлөөлөхгүй” гэж байна. Газар чөлөөлөх тохиролцоог гэрээ, албан бичгээр баталгаажуулах хуулийн зохицуулалт байхгүй нь одоо ийм байдалд хүргэчхээд байна” гэсэн юм.

Тухайн газрыг өмчлөгч иргэнээс байр суурийг нь тодруулахад “2024 онд зураг төсөл нь батлагдсан юм билээ. Анх зураг төслөө гаргахдаа зөвшилцөөгүй. Ажил эхлэхэд шалтгааныг нь тодруулахаар нийслэлд гомдол гаргасан. Хариу албан бичиг ирээгүй” гэж тайлбарлав.

Газар өмчлөгч болоод нийслэлийн Замын хөгжлийн газрын аль аль нь ажил гацсан шалтгааныг өөрсдөөсөө түлхэж, бие бие рүүгээ чихсэн тайлбарыг өгч байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар, татвар төлөгчдийн мөнгөөр тавих замыг ийнхүү дулааны улиралд багтааж дуусгах бололцоогоо алдаж мэдэх нөхцөл байдалтай болоод байна.

0/1000