Монгол инженерүүдийн ур ухаан, үндэсний компаниудын хүчээр босож буй Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн шинэ төмөр замаар 8-р сарын 29-нд галт тэрэг явуулж, туршлаа. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Шинэ төмөр зам” ХХК-ийн ахмад зааварлагч, машинист Ц.Пүрэвсүрэн, машинист Ч.Хүрдбаатар нар уг галт тэрэгний зүтгүүрт суун, 91 км зам туулж, шинэ төмөр замын чанар, гүйцэтгэлийг газар дээр нь шалгав.
”Шинэ төмөр зам” ХХК-ийн зааварлагч, машинист Ц.Пүрэвсүрэн “Анхны туршилтын галт тэргээр аялсандаа сэтгэл өндөр байна. Монголын үндэсний төмөр замын компаниуд, төмөр замчид та бүхэн улс эх орондоо улам ихийг хийж бүтээж чадахаар байна гэдгийг хараад, ахмад төмөрзамчдын хувьд бахархах сэтгэл төрж байна.
Энэ төслийн зам өгсүүр маршрут бага, уруу зам ихтэй, энэ нь үргэлжлэх хугацаа, түлшний зарцуулалт бага зарцуулахаар байна гэж тооцоход ахмад машинист хүний хувьд улс эх оронд эдийн засгийн асар их ач холбогдолтой зам болжээ гэж бодож байна. Төмөр замчид та бүхэндээ ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


