horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхээр 7 улс хуралдаж байна

post-img

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Цагдаагийн ерөнхий газар хамтран Улаанбаатар хотод 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд “Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт зохион байгуулж байна. Тус хуралд Монгол Улс, Вьетнам, Тайланд, Малайз, Филиппин, Индонез, Лаос улсын хууль сахиулах байгууллагын цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг удирдах албан тушаалтан, мөрдөгч, прокурор, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Монгол Улсыг төлөөлж ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Батбаатар, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Эрдэнэдалай, Хуулийн хэлтсийн дарга, хурандаа П.Очбадрах, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Э.Гансүх болон Мөрдөн шалгах алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид оролцож байна.

Уулзалтын хүрээнд цахим орчин дахь хүүхдийн эсрэг шинээр гарч буй аюул, эрсдэлийн талаар нэгдсэн ойлголт бүрдүүлэх, хил дамнасан мөрдөн шалгах ажиллагаа, дижитал нотлох баримт солилцох механизмыг сайжруулах, улс орнуудын сайн туршлагыг хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж буй аж. Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр эдгээр улс хамтран, хэрхэн үр дүнтэй ажиллах талаар ярилцан, ойлголцолд хүрэхээр зорьжээ.

0/1000