Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа Н.Т гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлэгт хяналт шалгалтыг түргэн шуурхай хийлгүүлэх, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл олгуулах ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгөх буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлэгч Д.С-аас 52,5 сая төгрөг, Т.Э-аас 36 сая, нийт 88,5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүний хэргийг АТГ шалгаж дуусаад, сарын өмнө прокурорт шилжүүлсэн.
Д.С өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 2,366 гаалийн мэдүүлгийг гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нараар түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 18 удаагийн үйлдлээр нийт 52,5 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт унасан.
Т.Э өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 1,274 гаалийн мэдүүлгийг гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нараар түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдоод байна.
Тэдний хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Зам-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

