Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Цэцийн дүгнэлт гартал улсын төсвийг УИХ тодотгохгүй
- 2026/09/02

- 27 цаг 57 минутын өмнө

- 4 мин уншина

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1-т “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 5 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгана” гэж заасан. Захиалагч, гүйцэтгэгч тал энэ хугацаанд амжиж, гэрээ байгуулаагүй бол тухайн төсөл, арга хэмжээнд төсөвлөсөн мөнгийг Засгийн газар буцаан татдаг.

Засгийн газар өнөө жилийн төсвийг тодотгохдоо сайд нарын багцаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум, нийт 1 ихнаяд 440.9 тэрбум төгрөг хасах гэж байна. Тэр мөнгөөрөө цалин тэтгэвэр нэмэх, татаас дэмжлэг өгөх байдлаар тараах нь.

УИХ тэгвэл Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1 дэх заалт Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь … үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн хэмээн өнгөрсөн 7 дугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Түүнийг цэц хүлээн авч, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн.

Энэ маргаанд ҮХЦ цэг тавих хүртэл 2026 оны улсын төсвийг УИХ тодотгохгүй л болов уу.

Угтаа бол шалгуур хангаагүй, хэрэгжүүлэхэд бэлэн болоогүй төслийг улсын төсөвт тусгах нь буруу. Төсөв хэлэлцэх явцдаа УИХ олон төсөл нэмэх ч ёсгүй. Үүнийг мэдсээр байж Засгийн газар, УИХ аль аль нь төсөвт дуртай төслөө нэмдэг. Засгийн газар нь их хурлын гишүүдийг авлигадах маягаар, их хурал нь засгаа айлгах хэлбэрээр үүнийгээ хийдэг.

Олон жил ужгирсан энэ завхралыг Засгийн газар овжин ашигладаг боллоо. 5 дугаар сарын 31-нээс өмнө зарцуулаагүй үлдсэн мөнгийг төсөв тодотгох замаар өөр зүйлд зарцуулдаг боллоо. Н.Учрал бүүр цалин, тэтгэвэр нэмэх, татаас олгох байдлаар тараахаар шийджээ. Цалингаа нэмүүлэх хүмүүст энэ нь сайхан мэдээ ч гэлээ цаагуураа сонгуулийн өмнө тарааж байгаа мөнгө гэж харагдана.

Улсын төсвийн 1 их наяд 313.3 тэрбум төгрөгөөр энэ онд нийт 296 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх байв. Үүний 52% буюу 155 төслийг УИХ төсөв хэлэлцэх үед нэмжээ. 48% буюу 141 төслийг нь Засгийн газар өргөн мэдүүлсэн аж.

Засгийн газрын 2025.12.03-ны 187, 2026.01.28-ны 25 дугаар тогтоолоор орон нутаг 25 төслийн, төсвийн ерөнхийлөн захирагч 80 төслийн, Төрийн худалдан авах ажиллагааны газар 179 төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар болжээ. 2026.05.31-ний байдлаар орон нутагт худалдан авах ажиллагаа зохион байгуулсан төслүүдийн 94%, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зохион байгуулсан төслүүдийн 87%, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан төслүүдийн 81% нь гэрээ байгуулсан байна.

52% буюу 155 төслийг УИХ төсөв хэлэлцэх үед нэмжээ.

Гэрээ байгуулаагүй төслүүдийн явцыг харвал худалдан авах ажиллагаа эхлүүлээгүй 14 төсөл, тендерийн шатанд яваа 95 төсөл байв. Тендер зарласан төсөл дотроо гомдол гарсан 28 төсөл, гэрээ байгуулах эрх олгосон ч хуулийн хугацаанд гэрээ байгуулж амжихгүй 50 төсөл, шаардлага хангасан оролцогч байхгүй 19 төсөл, арга хэмжээ байлаа.

Засгийн газар 2026.06.03-нд “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” 231 дүгээр тогтоол гаргаж, 252.5 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг зогсоож, мөнгийг нь буцаан татжээ. Энэ онд хэрэгжүүлэх боломжгүй болсон, шүүхийн маргаан үүссэн 4 төслийг түр хойшлуулж, 21.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зогсоосон байна.

АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.доллароор Сонгинохайрхан дүүрэгт Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулсан. Үүнд манай ЗГ 2025 онд 23 тэрбум төгрөг дутуу өгчээ. Үүнийгээ энэ онд төлөх юм байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн 88 төсөл байна. Тухайлбал:

1. Нийслэлийн ЗДТГ-аас санаачилсан “Дулааны V цахилгаан станц” төсөл зураг төсөл-төсөв боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх хэлбэрээр 27 жил хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан, ажилдаа ороод байна. Уг төслийн анхны хөрөнгийн 20%-ийг нийслэлийн бондоор санхүүжүүлнэ.

2. Мөрөн-Улиастай чиглэлийн хатуу хучилтай 261.8 км авто зам. Эг төслийн сонгон шалгаруулалт дуусаж, шалгарсан аж ахуйн нэгжтэй хэлцэл хийж байна. Барих-ашиглах-шилжүүлэх хэлбэрээр 25 жил хэрэгжүүлнэ. Санхүүжилтийн хувьд холимог хэлбэртэй.

3. Байдрагийн 30 МВт УЦС, Тавантолгойн 450 МВт ДЦС, “Тайван терминал” нүүрс тээврийн терминал, Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур”, “Улаанбаатар трамвай 1, 2-р шугам” зэрэг төслийн судалгаа дуусаж, сонгон шалгаруулалтад шилжүүлжээ.

Төрөөс санаачилсан дараах төслүүд санхүүжилт хүлээж байна. Үүнд:

Дархан-Алтанбулаг чиглэлд авто зам тавих төсөл;

Чойбалсан-Бичигт-Зүүнхатавч чиглэлд босоо тэнхлэгийн төмөр зам барих төсөл;

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 6 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх төсөл;

Даян боомтыг хатуу хучилттай авто замаар холбох төсөл

Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэх буудлыг 4C болгон, ашиглалтыг сайжруулах төсөл

Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангиллынх болгон, хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл;

- Шинэ
- Хандалттай