horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Аргентин, Грекийн хос танго бүжгийн Дэлхийн аварга боллоо

post-img

Танго бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Tango de Pista” буюу салон тангогийн төрөлд Аргентины Лукас Гаутo, Грекийн Наима Герасопулоу нар түрүүллээ.

БУЭНОС-АЙРЕС. /Reuters/. Танго бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /Tango World Championship BA 2026/ есдүгээр сарын 1-нд “Tango de Pista” буюу салон тангогийн төрөлд аваргуудаа тодрууллаа.

Тус төрөлд Аргентины Лукас Гаутo, Грекийн Наима Герасопулоу нар тэргүүлж, дэлхийн аваргын цомын эзэд болсон байна. Харин Аргентины Родриго Паласиос, Индира Хайес нар хоёрдугаар байр эзэлсэн бол БНСУ-ын Лондон, Сол хэмээх хос гуравдугаар байрт шалгарчээ. Аваргын дараа Лукас Гаутo өөрийн олон жилийн мөрөөдөл биелсэн талаар ярьсан байна.

“Би анх дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор ирснээс хойш 20 жил өнгөрчээ. Тэр өдрөөс эхлэн ‘Би дэлхийн аварга болж, нэрээ дуудуулахыг хүсэж байна’ гэж боддог байсан” хэмээн тэрбээр хэлжээ.

Харин Наима Герасопулоу энэ амжилтад хүрэхийн тулд олон жил тасралтгүй хөдөлмөрлөсөн гэдгээ онцолсон байна.

“Бид үүний төлөө маш их хөдөлмөрлөсөн. Энэ амжилт нэг л өдөр гэнэт бий болоогүй. Энд хүрэхийн тулд зургаан жил хичээсэн. Тиймээс өөртөө итгэхээ хэзээ ч битгий зогсоогоорой. Оноо бол бүх зүйл биш” гэж тэрбээр өрсөлдөгчдөдөө хандан хэлжээ.

Мөн Герасопулоу бусад бүжигчдийг тасралтгүй хөгжиж, тэмцээнийг зөвхөн түрүүлэхийн төлөө бус өөрийгөө улам сайжруулах боломж гэж харахыг уриалсан байна.

“Танго де Писта” нь танго бүжгийн уламжлалт хэлбэрүүдийн нэг бөгөөд хосууд хөгжмийн хэмнэл, бие биетэйгээ харилцах хөдөлгөөн, тэврэлт болон тайзны талбайд үзүүлж буй бүжгийн техникээрээ өрсөлддөг.

Танго бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн олон орны шилдэг танго бүжигчдийг нэг дор цуглуулдаг томоохон соёл, урлагийн арга хэмжээ юм.

0/1000