Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан Улсын хэлэлцээр болон боловсрол, эрүүл мэндийн салбарын түвшинд байгуулагдсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтэд анхаарах асуудлын хүрээнд байр сууриа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар илэрхийллээ.
Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын олон сарын турш тавьсан шаардлага, зохион байгуулсан тэмцлийн үр дүнд салбарын ажилтнуудын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, төсөв санхүүжилттэй холбоотой тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэрүүд гарсан.
Гэвч шийдвэр гарснаар асуудал бүрэн шийдэгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд гарсан шийдвэрүүдийг төсөвт бодитоор тусгаж, хугацаанд нь хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир онцоллоо.
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас тус холбооноос хүргүүлсэн Сонордуулгад тодорхой хариу ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн үйл ажиллагааг үргэлжүүлэхээ мэдэгдсэн юм. Тус салбарын ҮЭ-ийн холбооны тэмцлийг Төв Азийн орнуудын Эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-үүдээс дэмжиж байгааг албан ёсоор уламжилав.
ТӨСВИЙН ТОДОТГОЛД САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ШААРДЛАГЫГ БОДИТОЙ ТУСГАХ ЁСТОЙ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг боловсруулж, нийт 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэхээр төлөвлөсөн бөгөөд үүний тодорхой хэсгийг ажилтнуудын цалин, нийгмийн хамгаалал болон нэн шаардлагатай салбаруудын санхүүжилтэд чиглүүлэхээр тусгасан байна.
Тухайлбал, төсвийн тодотголын хүрээнд:
- Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардалд 674.5 тэрбум төгрөг
- Эрүүл мэндийн салбарын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг
- Соёл, спорт болон бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг нэмэгдүүлэхэд 80.1 тэрбум төгрөг
- Эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зэрэг хөрөнгийг тусгахаар төлөвлөсөн байна.
МҮЭХ-ны зүгээс эдгээр шийдвэр, төсөвт туссан арга хэмжээ нь бодит амьдрал дээр ажилтнуудын цалин, хөдөлмөрийн нөхцөлд хэрхэн хүрч хэрэгжих вэ гэдэгт хяналт тавьж, хэрэгжилтийг шаардан ажиллахаа мэдэгдлээ.


