horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүн худалдсан хэрэгтнүүдэд 4-5 жил хорих ял оноолоо

post-img

Б.А, Ц.Л нар олон нийтийн сүлжээнд “Санхүү авна” гэх зар тавьж, 2025 оны 9-11 дүгээр сард нэгэн эмэгтэйг эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлжээ. Ингэхдээ тэд нийслэлийн Баянгол дүүргийн нэгэн байранд уг эмэгтэйг хүч хэрэглэж аваачаад, машинаар нийслэлийн нутаг дэвсгэрт тээвэрлэн явж, бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдсан) гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тэд мөн 2025 оны 7-11 дүгээр сард олон нийтийн сүлжээнд “Санхүү авна” гэх зар нийтэлж, үйлчлүүлэгч олдог байжээ. Ингээд өөр нэг эмэгтэйг биеэ үнэлэхэд нь зуучилж, биеэ үнэлэх гэмт хэрэг зохион байгуулдаг байсан аж. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (Биеэ үнэлэлтийг зохион байгуулсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна. 

Шүүх Б.А, Ц.Л нарт холбогдох уг 2 хэргийг хэлэлцээд, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдсан, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан 2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Ингээд Б.А-д нийт 5 жил, Ц.Л-д 4 жил хорих ял оногдууллаа. Тэднээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нийт 22.4 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

0/1000