Философич С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр ТЕГ түүнийг саатуулан шалгаж байна.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хандаж. яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих арга хэмжээ авах тухай санал ирүүлжээ. Үүнийг тус шүүх 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч С.Молор-Эрдэнэд 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс цагдан хорив.
Түүнийг 9 дүгээр сарын 1-ний өдрийн 02 цаг 40 минутаас баривчилсан аж. Уг хугацааг түүний яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно гэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод мэдээллээ. С.Молор-Эрдэнэд ТЕГ Эрүүгийн хуулийн 19.9-д заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

