АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Грийнландыг АНУ-ын мэдэлд авах хүсэлтээ удаа дараа илэрхийлж буй энэ үед Дани улс сүүлийн үеийн түүхэндээ анх удаа хугацаат цэргийн алба хаагчдаа Грийнландад байршуулж, Арктикийн бүс нутаг дахь цэргийн оролцоогоо нэмж байна.
ГРИЙНЛАНД. /Reuters/. Дани улс сүүлийн үеийн түүхэндээ анх удаа хугацаат цэргийн алба хаагчдаа Грийнландад байршууллаа.
Энэхүү алхам нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Грийнландыг АНУ-ын мэдэлд авах сонирхлоо удаа дараа илэрхийлж, Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Данийн Засгийн газарт шахалт үзүүлж буй нөхцөлд хэрэгжиж байна.
Трамп Грийнландыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой гэж үздэг бөгөөд Данийн эрх баригчдыг Арктикийн бүсийн батлан хамгаалалтад хангалттай анхаарал хандуулаагүй хэмээн шүүмжилж иржээ. Харин Дани болон Грийнландын эрх баригчид арлыг АНУ-д шилжүүлэх, худалдах ямар ч боломжгүй гэсэн байр сууриа хатуу илэрхийлсээр байна.
Грийнландад илгээгдсэн цэргийн алба хаагчид нь Данийн шинэчилсэн, хугацааг нь уртасгасан цэргийн албаны хөтөлбөрийн эхний ээлжийн цэргүүд аж. Тэд Данийн хаант улсын стратегийн хамгийн чухал бүс нутгийн нэг болох Арктикийн эрс тэс уур амьсгал, хүнд нөхцөлд ажиллах болон байлдааны ажиллагаа явуулах бэлтгэл хийж байна.
19 настай хугацаат цэрэг Давид Reuters агентлагт ярихдаа, Грийнландад ирсэн нь Данийн улс орон тус бүс нутагт бодитоор оролцож, зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг бус Грийнландын ард иргэдийн эрх ашгийг ч анхаарч байгааг харуулж байна гэжээ.
Данийн Засгийн газар Арктикийн бүсийн батлан хамгаалалтыг бэхжүүлэхэд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа амласан байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд өмнө нь Арктикийн хамгаалалтад олон жилийн турш хангалттай хөрөнгө оруулалт хийгдээгүйг хүлээн зөвшөөрч байжээ.
Цэргийн ротын захирагч, ахмад Лаура Йепсенийн хэлснээр, Грийнландад цэргийн алба хаагчдыг байршуулсан нь тус бүс нутгийн стратегийн нөхцөл байдалтай холбоотой өргөн хүрээний бодлогын нэг хэсэг боловч тэдний гол зорилго нь цэргүүдийг сургах, Арктикийн газар нутаг, цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллах бодит туршлага хуримтлуулах явдал юм.
Данийн цэргүүд одоогоор “Arctic Endurance” нэртэй цэргийн сургуулилтад оролцож байна. Энэхүү сургуулилтаар цэргүүд хэт хүйтэн нөхцөлд байлдааны ажиллагаа явуулах, амьд үлдэх, Арктикийн эрс тэс цаг уур болон газар нутгийн онцлогт дасан зохицох бэлтгэл хийж байгаа аж.
Грийнланд нь газарзүйн байршил, Арктикийн тэнгисийн зам болон стратегийн ач холбогдлоороо дэлхийн томоохон гүрнүүдийн анхаарлын төвд улам бүр орж байна. Данийн цэргийн алба хаагчдыг тус аралд анх удаа байршуулсан нь Арктикийн бүс нутаг дахь аюулгүй байдлын ач холбогдол нэмэгдэж байгааг харуулж байна.


