Засгийн газар 2026.07.01-нд 285 дугаар тогтоол гаргаж, “Чөлөөлье” үндэсний санаачилга хэрэгжүүлэхээр болсон. Уг санаачилгын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглал, бүтэц, зохион байгуулалтыг богино хугацаанд шинэчлэх аж. Үүнийгээ “Эрдэнэс Монгол” нэгдлээс эхэлж, тус нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болгон өөрчлөөд байна. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяанд шинээр төрийн өмчит компани үүсгэн байгуулахгүй. Харин тус санг төрийн 100 хувийн эзэмшлийн компани болгож, төрийн өмчит бусад компанийн хувьцааны тодорхой хэсгийг тус санд төвлөрүүлнэ. Уг компанийг олон улсад нэр хүндтэй, хөрөнгө оруулалтын менежментийн компаниар удирдуулах юм.
Үүнийхээ дагуу ЗГ “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийг удирдах саналыг гадаадын 12 компанид тавьсан аж. Тэднээс “Франклин Темплетон”, “БлэкРок” компани уг саналыг хүлээн авчээ. “Франклин Темплетон” компанитай Засгийн газар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бол “БлэкРок”-той санамж бичиг байгуулах гэж байна.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн хариуцаж буй төслүүд:
- Дарханд босгох гангийн цогцолбор,
- Багануурт байгуулж эхлээд буй нүүрс-пиролизын үйлдвэр,
- Эрдэнэтэд байгуулах зэс боловсруулах үйлдвэр,
- Дундговьд барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр
- Тавантолгойд барих 450 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц,
- Дорноговьд орших Зөөвч-Овоо орд,
- Гадаргын ус хуримтлуулан ашиглах Хэрлэн-Тооно төсөл,
- Хойдбүргэд алтны үндсэн орд,
- Асгатын мөнгөний орд
Үүний цаана ЗГ төрийн өмчит компаниудын хувьцааг нэг санд төвлөрүүлж, багцлан дотоод, гадаадын зах зээлд зарах зорилго тавьж буй. Төрийн өмчит компаниудын нийт 2 тэрбум ам.доллароос багагүй хэмжээгээр үнэлэгдэх хувьцааг “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-д төвлөрүүлэхээр тооцжээ. Багцлан зарсан хувьцааны мөнгийг төрийн өмчит компанид буцаан зарцуулна. Энэ бол төрийн өмчит компаниудыг шууд хувьчлахгүй, хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр шууд зарахгүй гэсэн үг.
Ийм аргыг гадаадын зарим улс хэрэглэн, хөрөнгө оруулалт татаж байгаа аж. Узбекистан улс гэхэд 2023 оноос “Франклин Темплетон” компанитай хамтран, төрийн өмчит томоохон компаниудынхаа хувьцааг Үндэсний хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэн, үр ашгийг нь сайжруулжээ. Ингээд 2025 оны 5-12 дугаар сард компаниудаа өндөр өгөөжтэй 13 компани болгож цэгцэлсэн байна. 2026 оны 5 дугаар сард Лондонгийн хөрөнгийн биржид 64.700 энгийн хувьцааг төлөөлөх глобал хадгаламжийн бичиг арилжиж, 691 сая ам.доллар босгожээ. Манай ЗГ үүнийг дуурайж байгаа нь тодорхой боллоо.
Ирээдүйн өв сангийн мөнгийг гадаадын банкинд хадгалуулжээ
Ирээдүйн өв санд 2026.08.28-ны байдлаар 7 их наяд 417.5 тэрбум төгрөг (2 тэрбум 62.9 сая ам.доллар) хуримтлагджээ. 2027 онд АМНАТ-өөс энэ санд 2 их наяд 930.8 тэрбум төгрөг орж ирэх бол хөрөнгө оруулалтын ашгаас 347.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж ЗГ тооцжээ. Нийтдээ Ирээдүйн өв санд дараа жил 3 их наяд 277.8 тэрбум төгрөг хуримтлуулах нь.
АМНАТ-өөс Төсвийн тогтворжуулалтын сан, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад, үлдэх хэсгийн 65%-ийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэх хуультай. Дараа жилийн тухайд тэр нь 2 их наяд 930 тэрбум 765.7 сая төгрөг байх төлөвтэй.
Засгийн газар 2025.02.05-нд 72 дугаар тогтоол гаргаж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын бодлого баталсан. Үүний дагуу Ирээдүйн өв сангийн мөнгийг Франц, Их Британи, Умард Ирланд улсын төв банкуудад дунджаар 4%-ийн хүүтэй хадгалуулжээ. Энэ хадгаламжийн хүү нь АНУ-ын төв банкны бодлогын хүүгээс хамаардаг аж. Үүн дээр Монголбанкны төгрөг, ам.долларын своп хэлцлийн зардлыг нэмэхэд, ойролцоогоор Монголбанкны бодлогын хүүтэй тэнцэх хэмжээний өгөөжтэй байгаа аж.
Ирээдүйн өв санд хуримтлагдаж буй мөнгө нь Монгол Улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлдөг юм байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд, зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын цэвэр өрийн ДНБ-д эзлэх хувийг тооцохдоо Ирээдүйн өв санд хуримтлагдсан ам.долларыг хасдаг аж. Тэгэхээр Ирээдүйн өв санд мөнгө хуримтлагдах тусам манай улсын зээлжих зэрэглэл нэмэгддэг юм байна. 2025 онд “Эс энд Пи” агентлаг ийм үндэслэлээр манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулжээ.
Хуримтлалын сангийн мөнгөөр 7822 айлыг байртай болгожээ
Н.Учралын ЗГ уул уурхайн салбарын, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрд оногдох ногдол ашгаас 1 их наяд 468 тэрбум 13 сая төгрөг олохоор төлөвлөжээ. Үүний 1 их наяд нь “Оюутолгой” ХХК-иас авах ноогдол ашиг байх бололтой. Энэ мөнгийг Хуримтлалын санд хуваарилна.
Хуримтлалын санд 2026.08.28-ны байдлаар нийт 1 их наяд 396.7 тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Эл санд ирэх жил 1 их наяд 702.3 тэрбум төгрөг цуглуулна. Үүний 1 их наяд 468 тэрбум нь уул уурхайн компаниудын ногдол ашгаас орох төлөвтэй. Тус сангийн мөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах замаар 234.3 тэрбум төгрөг олохоор ЗГ тооцжээ.
Засгийн газар 2024 онд 179, 2025 онд 228, 2026 оны 162 дугаар тогтоол гаргаж, Хуримтлалын сангийн мөнгөөр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөр санхүүжүүлж байна. Энэ дагуу “Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах ерөнхий гэрээ”-г Монголбанктай байгуулж, 2024 онд 4158 өрх, 2025 онд 3664 айлд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгожээ.
Харин ирэх жил ЗГ уг санд 2027 онд орох орлогоос 1 их наяд төгрөгийг зарцуулах гэж байна. Энэ зорилгоо 2027 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд тусгажээ.
Үндэсний баялгийн санд 2027 онд төсвийн ерөнхийлөн захирагч доорх орлогыг төвлөрүүлнэ

2027 онд Үндэсний баялгийн сангаас ганц сайд мөнгө авах нь. Тэр нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд.


