Нийгмийн сүлжээнд иргэн М.Орхонтуул “АИ92 автобензиний октаны тоо 86 байна” гэх мэдээлэл түгээсэн. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт, хэмжилзүйн газар, нийслэлийн Хяналт шалгалтын газар өчигдөр М.Орхонтуултай хамт ШТС-уудад шалгалт хийлээ. Шалгалтаар “Петровис”, “Шунхлай”, “Магнай трейд”, “Тэс петролиум”, “M-Oйл”, “Газ-Ойл нефть”, “Содмонгол” зэрэг ШТС-аас санамсаргүй байдлаар дээж авч, октаны тоог нь хэмжив.
М.Орхонтуул “Октис-2” зөөврийн төхөөрөмж ашиглажээ. Уг багажаар бензины октаныг хэмжихэд, 1 дээжинд 86 ба 93 гэх өөр өөр дүн заасан бол 2-3 дээжний тооны хэлбэлзэл өндөр байжээ.
Яг ийм “Октис-2” маркийн 3 багажаар хяналт шалгалтын явцад бензиний дээжийг хэмжиж үзсэн байна. Тэгэхэд 1 дээжний хариуг багаж бүр өөр өөр гаргажээ. Уг багажтай хамт үйлдвэрээс нь өгсөн гарын авлагад “Шатахууны октаны тоо маргаантай нөхцөлд хэмжих хэрэгсэл болгон ашиглахад зориулагдаагүй. Зөвхөн анхан шатны баримжаа өгөх индикатор” гэж заасан байдаг аж. Тэгэхээр “Октис-2” нь бензиний октаныг нарийн хэмжих зориулалттай багаж биш аж.
Ингээд хянат шалгалтаар ШТС-уудаас зориулалтын саванд стандартын дагуу бензиний дээж авч, суурин лабораторид шинжлүүлжээ. Уг шинжилгээгээр АИ92 бензиний октаны тоо 92-оос дээш зааж, стандартад бүрэн нийцэж байна гэсэн хариу гарсныг АМГТГ мэдээллээ.

