Ерөнхий боловсролын сурагчдын “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн нээлт, танилцуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэн шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор болж байна.
Хиймэл оюуны эрин үед хүүхдэд оюуны чадамж (IQ)-аас илүүтэй сэтгэл хөдлөлөө жолоодох чадвар (EQ) суулгахыг чухалчилдаг болсон. Шатар нь бусдыг ойлгох, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар тунгаан бодох чадвар олгодог. Тиймээс сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулсан нь суралцахуйд суралцсан, төлөвшсөн монгол иргэнийг бэлтгэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Хүүхэд шатар тоглох явцдаа хаана, хэрхэн алдсанаа болон ямар шийдвэр гаргавал өөр үр дүнд хүрэх байснаа шууд ухаарч, өөрийн үйлдэлд дүгнэлт хийж сурдаг. Энэ нь тэвчээр, хариуцлагатай байдал, өөрийгөө хөгжүүлэн засах хамгийн том чадвар эзэмшүүлдэг байна.
Өнөөдрийн уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, шатрын сургалтад хамрагдсан багш нар болон эцэг эхийн төлөөллүүд оролцож байна. Олон хүний сэтгэл зүрх, хичээл зүтгэлээр монгол хүүхэд бүрийн оюунд хөрөнгө оруулах “Оюуны их нүүдэл” ийнхүү эхэллээ.


