2026 оны 8-р сарын 18-ны өдөр Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын 3 иргэний тээшнээс гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрсэн байна. Гаалийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн 3 төрлийн нийт 1483 ширхэг тариа байсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ. Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн журмаар импортлох боломжгүй. Хуульд заасан тусгай нөхцөлд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд импортлох боломжтой.
Иймд иргэдийг гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох шаардлага тавих эсэхийг урьдчилан тодруулах, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг анхааруулж байна.


