Ардчилсан нам пүрэв гараг бүрийн 11:00 цагт хийдэг “4/11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус намын өнөөдрийн мэдээллийн сэдэв нь “Монгол Улсын 2027 оны төсөв” байв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Н.Учрал Ерөнхий сайдын өргөн барьсан, 2027 оны төсөв есөн шид нь бүрдсэн төсөв болсон. Ний нуугүй хэлэхэд “Хүрээний бузрыг ухвал далай далай” гэдэг шиг энэ улсын төсөв, төрийн өмчит компаниудын төсвийг харвал Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйн биш, мөнгөтэйн зовлонг эдэлсэн. Төсвийнхөө эрэмбэ дарааллыг бүгдийг нь буруу өрсөн. Төсөл, хөтөлбөрүүдээ буруу тооцоолсон.
Саяхан 2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр ярьж байгаа мега төслүүдийн тоо хэдэн зуу давчихлаа. 2020, 2021 онд МАН 21 аймагт 100 үйлдвэр, Монгол Улсад 2100 үйлдвэр барина гэж амласан. Сүүлийн 3 удаагийн сонгуулийнх нь мөрийн хөтөлбөрийг нэгбүрчлэн үзвэл тэнд биелсэн зүйл байхгүй.
Үе үеийн, сүүлийн үеийн Засгийн газрууд дандаа пи-ар-аар ажлаа хийдэг болсон. Урьдчилж зарладаг болсон. Тооцоогоо буруу хийдэг болсон.
Үр дүнд нь иргэдийн амьдрал, худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна. Иргэдийн амьдрал сайжрахгүй байна. Зөвхөн 2020 оноос хойших 2027 оны өнөөдрийн өргөн барьсан улсын төсвүүдийг харьцуулахад 208 их наяд 839 тэрбум төгрөгөөр өссөн байна. Өнөөдөр ЗГ тэрбум, саяар ярихаа больсон. Дандаа их наядаар ярьдаг болсон.
Тэдний хулгай сая төгрөгөөр яригдахаа больсон. Эхлээд саяар ярьж бие биеэ чичилдэг байсан. Дараа нь тэрбумаар ярьдаг болсон. Одоо их наядаар ярьж байна. Үүнийг дагаад улсын төсөв тэлж байгаа. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн. 10 дахин данхайсан гэсэн үг.
Иргэдийн худалдан авах чадвар 10 дахин нэмэгдээгүй. Иргэдийн амьдралын чанар 10 дахин сайжраагүй.
Одоо энэ УИХ 7 дахь удаагийн төсөв хэлэлцэх гэж байна. 2024 онд төсөв, тодотгол, хориг. 2025 онд төсөв, тодотгол. Одоо ингээд төсөв, дахиад тодотгол. 2-хон жилийн дотор, 24 сарын дотор 7 удаа төсөв хэлэлцэж байна гэдэг бол Засгийн газар улсын төсвөө анхнаасаа дандаа буруу тооцож байна гэсэн үг.
Сүүлийн 10 жилийн улсын төсвийг хараад үзээрэй. Хэрэглээний үнийн түвшинг жил бүр “Бууруулна” гэж бичдэг. Инфляцыг жил бүр “6%-д барина” гэж бичдэг. Биелсэн тоо 1 ч байхгүй.

