horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаанбаатар, 21 аймагт агаарын чанар хянах автомат станц суурилуулж дууслаа

post-img

Улаанбаатар хот, 21 аймгийн төвд агаарын чанар хянах автомат станц суурилуулж дууслаа. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорац хамтран 2023-2026 онд ийм станц суурилуулсан байна. Үүнд нийт 8.9 сая ам.доллар зарцуулжээ. Энэ станцуудыг БНСУ манайд буцалтгүй тусламж болгон өгсөн байна.

Автомат станц агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл, цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмждэг. Хэмжээд гаргасан мэдээллийг иргэд, олон нийт “agaar.gov.mn платформ” (https://agaar.gov.mn?utm_source=chatgpt.com)-оор бодит цагийн горимоор харах боломжтой.

Монгол Улс өмнө нь зөвхөн цаг агаарын төлөв байдалд дүн шижилгээ хийж чаддаг байв. Агаарын чанар хянах автомат станцтай болсноор агаарын чанарын урьдчилсан мэдээг манай улсад байгаа хүн бүр авах бүрэн боломж бүрдсэн юм.

ЦУОШГ-ын дарга Э.Баттулга “Агаарын чанарын үзүүлэлт хэмжих хөдөлгөөнт лабораторийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өгсөн. Мэдээлэл боловсруулах, үр дүнг үнэлэх, тайлан гаргах MAMIS программыг хөгжүүлсэн. БНСУ, Монгол Улсад нийт 240 орчим албан хаагчийг сургасан” гэж хэллээ.

БНСУ-ын Байгаль орчны Уур амьсгал, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан захирал Юн Ён Хи “Монгол Улсад агаарын чанарыг тасралтгүй хэмжих суурь дэд бүтэц бүрдэж байна. Бодит цагийн өгөгдөлд агаарын чанарыг үнэлэх, иргэдэд мэдээлэл хүргэх боломжийг нэмэгдүүлж байгаа. Нарийвчлалтай, найдвартай мэдээлэл нь агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой” гэж онцлов.

0/1000