Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

2026 онд манай улсын орлого 31.9 их наяд, зарлага 32.9 их наяд төгрөг байв. Алдагдал нь 1 их наяд. Тэгвэл 2027 онд 41.3 их наядын орлого олж, 43.6 их наядын зарлага гаргахаар төлөвлөв. Алдагдал нь 2.3 их наяд төгрөг. 2025 онд Ерөнхийлөгчөөр чихнээсээ зулгаалгаж байж алдагдалгүй төсөв баталсан УИХ, ЗГ өнгөрсөн жилээс дахиад төсвөө алдагдалтай баталж, өнөө жил алдагдлыг нь бүүр ч ихэсгэхээр зүтгэж эхэллээ.

Алдагдлын зэрэгцээ анхаарал татаж буй өөр нэг зүйл нь орлого, зарлага. Олсон бүхнээ үрж, олсноосоо ч их өр тавьж, туйлдаг зангаа ЗГ энэ удаад ч тавьсангүй. Өнөө жилийнхээс 10 их наядыг дараа жил илүү олохоор мөрөөджээ. Мөрөөдөл биелж болно. Тэр үед олсон бүхнээ буцаагаад үрэхээр төлөвлөсөн нь хайрхан.

“Оюутолгой” ХХК, төрийн өмчит хувьцаат компаниудын төрд оногдох хувийг Засгийн газар дараа жил улсын төсөвт татаж авах нь. Ийм аргаар улсын төсвийг 10 их наядаар огцом нэмэх гэж байна. Энэ сууриа ЗГ энэ оны 7 дугаар сард тавьж, УИХ-аар Төрийн өмчит компанийн тухай хууль батлуулсан. Тус хууль 2027.01.01-нээс хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит компаниудын ногдол ашгийн 30-аас доошгүй хувийг улсын төсөвт татаж авах боломж бүрдэж байгаа.

Н.Учралын ЗГ ийм аргаар улам данхайж, гүйцэтгэх захирал, БЭТ томилох замаар удирддаг байсан компаниудаа шууд гартаа авах гэж байна.

Өмнө нь төрийн өмчит компаниудын орлогоор мега төсөл хэрэгжүүлдэг байв. Тухайлбал: Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тавьж буй 32.6 км урт төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан, санхүүжүүлж байгаа. Тус компани үүнд 902 тэрбум төгрөг зарцуулна. Одоо харин ЗГ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мөнгөө татаж аваад, төмөр замаа өөрөө гүйцээх болж байна.

Хамгийн ноцтой нь 2027 оны улсын төсвийн 77%-ийг нь урсгал зардал эзэлжээ. 31 их наяд 927 тэрбум 864.3 сая төгрөг. Энэ бол аймшигтай тоо. Олсон мөнгөнийхөө 77%-ийг үрдэг төр ч тэр, айл ч бай, хүн ч тэр бүгд өөдлөхгүй.

Засгийн газрыг арилжааны банктай харьцуулаад үзье. Ямар ч банк хувь хүнд зээл олгохдоо өр, орлогын харьцаа гэдэг үзүүлэлтийг чухалчилдаг. 100 төгрөгийнхөө хэдээр нь зээлээ төлөөд, хэдээр нь амьдарч чадах вэ гэдэг л асуудал. Авсан бүх цалингаа өрөндөө өгвөл хүн яаж амьдрах юм. Тиймээс цалингийнхаа 45%-ийг өрөндөө өгөөд, 55% нь тэр хүнд үлдэж байхаар тооцож, банк тухайн хүнд зээл олгох эсэхээ шийддэг. Энэ бол яг одоо Монгол Улсад мөрдөж байгаа, 2026.01.19-нөөс хэрэгжиж эхэлсэн, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар тогтоосон харьцаа. Энэ бол “Яг 45%-ийг нь зээлэнд суутга” гэсэн үг бас биш. “Үүнээс хэтрүүлж болохгүй” гэсэн дээд хязгаар нь. Тиймээс банк зээлдэгчийн цалингийн 46%-ийг зээл, хүүд суутгахаар байвал зээл олгох ёсгүй.

Тэгтэл манай Засгийн газарт ийм хязгаар огт алга. Банкныхны дайтай ч бодож чадахгүй байна. Төсөвт орж ирэх мөнгөний 77%-ийг үрэхээр шийджээ. Банканд байдаг шиг хязгаар, харьцааг Засгийн газарт УИХ гаргаж өгөх хэрэгтэй бололтой. Тэгэхгүй бол хоноцын сэтгэлтэй сайд нар дараа жилийн сонгуулиа, сонгогчдодоо очиж хэлэх үг, өгөх амлалтаа бодоод улсыг уруудуулж дууслаа.

- Шинэ
- Хандалттай