Дасгалжуулагч Ц.Хосбаяр спортод хориглосон бодис тамирчдад худалдсаныг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх тогтоосон. Тус шүүх Ц.Хосбаярыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгөөр торгон, түүнээс хурааж аван, Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа 28 нэр төрлийн эмийг устгахыг Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан юм.
Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2026.09.02-ноос эхлэн, түүний спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь урьдчилсан байдлаар түдгэлзүүлжээ.
Энэ хугацаанд Ц.Хосбаяр Допингийн эсрэг үндэсний дүрмийн үйлчлэлд хамаарах тэмцээн, уралдаан, спортын бусад үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, баг, клуб, спортын холбоо, бусад байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй ажээ.
Ц.Хосбаяр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2025 оны жагсаалтад орсон хориотой бодис тамирчдад худалдсан байж болзошгүй үйлдлийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага анх илрүүлж, холбогдох нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг цуглуулан, хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн аж. Уг асуудлыг хууль сахиулах байгууллага шалгаж, шүүхэд шилжүүлэн, шийдвэрлүүлжээ.
Допингийн эсрэг үндэсний дүрэмд дараах үйлдлийг допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцохоор зохицуулсан. Үүнд:
– 2.4.6 тамирчин эсхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсхүл хориглосон аргыг эзэмших;
– 2.4.7 тамирчин эсхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсхүл хориглосон аргыг худалдах эсхүл худалдахыг завдах;
– 2.4.9 тамирчин болон бусад этгээд туслах, дэмжих, зоригжуулах, хуйвалдах, уруу татах, нууцлах болон бусад хэлбэрээр допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчих, зөрчихийг оролдох үйлдэлд хамтран оролцох, эсхүл хамтран оролцохыг завдах.
Харин түүний сэргээшийн дүрэм зөрчсөн зөрчлийг “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн дагуу тусдаа үр дүнгийн удирдлагын ажиллагаагаар шийдвэрлэх ажээ. Дасгалжуулагч Ц.Хосбаяр уг дүрмийн дагуу мэдэгдэлд дурдсан нөхцөл байдлын талаар тайлбар болон нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч эсхүл төлөөлөгч авах, урьдчилан түдгэлзүүлсэн шийдвэрийг хянуулах, анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй гэж Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага мэдээллээ.

