Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Засгийн газар монголчуудаасаа 1.5 их наяд төгрөг зээлэх гэж байна
- 2026/09/07

- 6 цаг 50 минутын өмнө

- 3 мин уншина

Монгол Улсын 2025 оны төсвийг 36 их наяд болгож, 2023 оныхоос 2 дахин нэмж явсан Засгийн газар дараа жил 10 тэрбумаар ахиулж, 43.6 их наядын зарлага гаргахаар төлөвлөв. Ингээд ханасангүй. 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдоо угжих мөнгөө одооноос гаргаж авахын тулд ахиад өр тавих гэж байна.

БНХАУ-ын Ардын банкнаас Монголбанкаар дамжуулан 550 сая ам.доллар зээлсэн. Энэ өр Монгол Улсын нийт өр дээр нэмэгдсэн. Манай улсын гадаад өр 2017 оноос хойш тасралтгүй өсөв. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2024 оны эхэнд 34 тэрбум 569 сая ам.долларын өртэй байсан бол оны эцэст 37 тэрбум 117 сая болжээ. Ганцхан жилд 3 орчим тэрбум долларын өр тавьсан байв. Тэгвэл одоо Монголбанкны мэдээллээр 40 тэрбум 218 сая ам.доллар болоод байна.

Үүнийг иргэддээ хуваавал хүн бүрт 11.203 ам.доллар буюу 40.3 сая төгрөгийн өр оногдоно. Үүнийгээ мэдэж байгаа хүн ч алга.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын 2025.11.14-нд “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 102 дугаар тогтоол гаргаж, Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах дээд хэмжээг 561.2 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Үүний дагуу Засгийн газар энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 130 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан бол хаалттай хэлбэрээр 300 тэрбум төгрөгийн үнэт цаас заржээ. Сангийн сайдын тушаалаар энэ оны III улиралд нийт 70 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөөд байна.

Ингэхийн тулд “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” УИХ-ын 2025 оны 102 дугаар тогтоолын 1 дэх заалтын “561.2” гэснийг “1,561.2” гэж өөрчлөх гэж байна.

Монгол хүн бүр 40.3 сая төгрөгийн өртэй

Яагаад Засгийн газар гадаад биш, дотоод үнэт цаас гаргаад байна вэ? Яагаад гадаадаас мөнгө олж ирэхийн оронд дотоодын хэдэн банк, мөнгөтэй цөөн компанийнхаа мөнгийг татаж аваад байна вэ? Үүний хариулт нь харамсалтай. Засгийн газрын нийт өрд эзлэх гадаад өрийн хэмжээ 2026 оны эхний хагас жилийн байдлаар 94.4%, нийт өрийн үйлчилгээнд эзлэх гадаад өрийн үйлчилгээний хэмжээ 96.3%-тай тэнцэж байна.

Тиймээс ч олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын Засгийн газарт гадаад өрийн эрсдэл өндөр түвшинд хүрснийг анхааруулжээ. Энэ нь Засгийн газрын өрийн багцад эзлэх гадаад валютын эрсдэл өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой. Тиймээс л Засгийн газар эрсдэлээ хааж чадалгүй, дотоодын зах зээлээ мөлжиж байна.

Үүнийгээ Зсгийн газар “Олон улсын санхүүгийн нөхцөл байдал савлагаа ихтэй, гадаад эх үүсвэрийн хүүгийн түвшин өндөр байгаа үед дотоодын эх үүсвэрийг түлхүү ашиглах, үүний тулд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд анхаарах нь зүйтэй” гэж Олон Улсын Валютын сан онцолсон гэж тайлбарлаж байна.

ЗГ монголчуудаасаа зээлэх мөнгөнийхөө хэмжээг 1 их наяд төгрөгөөр нэмж, 1 их наяд 561.2 тэрбум төгрөг болгох гэж байна

Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн, Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүн хомсдож, хойд хөрш манайд нийлүүлдэг шатахуунаа чадан ядан өгч байна. Инфляц ч өслөө. Энэ бүхнээс үүдээд, манай улсын төсвийн орлого тасарч, зарлагаа дийлэхгүй болоод байна. Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр 2026 оны эхний хагас жилд улирлын чанартай орлого дутагдаж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарав. Үүний улмаас Төрийн сан мөнгөгүй болох эрсдэл үүсжээ.

Н.Учралын Засгийн газрын бодит байдал ийм байна. Тиймээс ч тэд Засгийн газраас гаргах дотоод үнэт цаасны хэмжээг 1 их наяд төгрөгөөр нэмж 1 их наяд 561.2 тэрбум төгрөг болгохоор шулууджээ. Тэрийгээ 9-р сарын 7-нд хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах нь.

Их хурал тийм эрх олговол үнэт цаасаа ЗГ шууд арилжиж эхлэхээр төлөвлөжээ. Үүнийг нээлттэй, хаалттай хэлбэрээр, дунд болон урт хугацаатайгаар арилжих аж. Үүнийгээ Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн 4 дүгээр зорилтод “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэн, арилжааг тогтмол зохион байгуулна” гэж заасантай нийцэж байна хэмээн зөвтгөв.

- Шинэ
- Хандалттай