АНУ-ын Флорида мужийн Майами олон улсын нисэх буудалд Amazon Prime Air компанийн ачааны онгоц буух үедээ нислэгийн зурвасыг хэтрэн гарч, осолдсон байна. Ослын улмаас нисэх буудлын бүх хөөрч, буух зурвас болон таксины замыг түр хаажээ.
Осол есдүгээр сарын 6-ны өдрийн 14:00 цагийн орчимд болсон байна. Prime Air-ийн 7598 дугаар нислэг диагональ байрлалтай нислэгийн зурваст буухдаа зурвасыг давж, нисэх буудлын баруун хойд хэсэгт зогссон бөгөөд онгоц хөдөлгөөнгүй болсон талаар Майами-Дэйд нисэхийн газраас мэдээлжээ.
АНУ-ын Холбооны Нисэхийн захиргаа /FAA/-ийн мэдээлснээр, уг онгоц нь Boeing 767-300 загварын ачааны онгоц бөгөөд Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотоос Майами руу нисэж ирсэн байна. Онгоцыг Amazon-ийн нэрийн өмнөөс 21 Air ачаа тээврийн компани ажиллуулж байжээ.
Ослын дараа Майамигийн нисэх буудлын бүх нислэгийн зурвас болон таксины замыг 15:00 цагийн байдлаар хаасан байна. АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи зорчигчдод их хэмжээний саатал болон нислэг цуцлагдах эрсдэлтэй болохыг анхааруулжээ.
АНУ-ын Үндэсний олон нийтийн радио /NPR/ Майами-Дэйд мужийн Гал түймэр, аврах албаны мэдээллийг иш татан, ослын үеэр олон хүн эмнэлгийн тусламж авсан гэж мэдээлсэн байна. Одоогоор хохирогчдын биеийн байдал болон гэмтлийн нарийн мэдээлэл тодорхойгүй байна.
Ослын дараах Reuters агентлагийн гэрэл зургуудаас харахад онгоцны хамар хэсэг газарт хүрч, сүүл хэсэг нь дээш өргөгдсөн байдалтай байсан бөгөөд баруун талд нь түлэгдсэн мэт харласан хэсэг харагджээ.
Amazon компани ослын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор хамгийн чухал зүйл нь осолд өртсөн бүх хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэнд, халамж гэж мэдэгджээ.
АНУ-ын Холбооны Нисэхийн захиргаа уг ослыг мөрдөн шалгаж, шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.


