Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын шинээр ашиглалтад орсон байлдааны хөлөг онгоц нь цөмийн хариу цохилтын системийн нэг хэсэг болж, дайсанд “устган сөнөөх хэмжээний хариу цохилт” өгөх боломжтой болно гэж мэдэгджээ.
Тус улсын төрийн мэдээллийн KCNA агентлагийн даваа гарагт мэдээлснээр, Ким Жон Ун энэ мэдэгдлийг есдүгээр сарын 6-нд зүүн эргийн Вонсан боомт хотод болсон шинэ эсминецийг /байлдааны хөлөг онгоц/ ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр хийсэн байна.
“Кан Гон” нэртэй, 5,000 тоннын ангиллын уг эсминец нь энэ төрлийн хоёр дахь байлдааны хөлөг онгоц болжээ. Үүнээс гурван сарын өмнө Хойд Солонгосын баруун эрэгт “Чой Хён” нэртэй ижил ангиллын эсминецийг ашиглалтад оруулсан байна.
Ким Жон Ун шинэ хөлгийг Солонгосын хойгийн зүүн тэнгист байршуулж байгаа нь Хойд Солонгосын эсрэг талуудад тодорхой дохио өгч байна гэж онцолжээ.
Тэрээр мөн Хойд Солонгосын тэнгисийн цөмийн зэвсэглэл хөгжиж байгаа бөгөөд далайн бүрэн эрх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд стратегийн хамгийн хүчирхэг зэвсэг, хэрэгслүүдээ чухал бүс нутгуудад нэмэгдүүлэн байршуулсаар байх болно гэж мэдэгдсэн байна.
Ким Жон Уны хэлснээр, “Кан Гон” эсминец нь улсын цөмийн хариу арга хэмжээний системийн бүрэлдэхүүнд багтах ажээ.
Гэхдээ Хойд Солонгосын KCNA агентлаг шинэ эсминец дээр цөмийн зэвсэг тээвэрлэх эсэх, мөн ямар төрлийн зэвсгийн систем байрлуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Шинэ хөлөг онгоц ашиглалтад орсноор Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчинд цөмийн зэвсэг ашиглах боломжийг өргөжүүлэх зорилго бүхий стратегийн чадавх нэмэгдэж байгааг Пёньяны мэдэгдэл харуулж байна.


