УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн Булган аймагт хуралдсан. Уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар болон сүүлийн үед олны анхаарал татаад буй сэдвүүдийг С.Амарсайхан сайдаас өнөөдөр сэтгүүлчид тодрууллаа.
-Танд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших амбийц байгаа юу?
-Мэдэхгүй.
-Булганд гишүүд уулзаад юу ярилцсан бэ? ЗГ-ыг огцруулах талаар ярьсан юм уу?
-Булганд гишүүд цугласан. Салхинд гарсан ч байна уу, амарсан ч байна уу, тэр бол хувь хүний эрхийн асуудал. Тэрийг улстөржүүлээд, хэн нэгнийг огцруулах гэж байгаа юм шиг… Тэнд ямар ч тийм яриа хэлэлцээ болоогүй.
-Юу ярьсан юм бэ?
-Төсөв хөрөнгөө яаж шийдвэрлэх юм. Цаашид ардчилал, хүний эрх, шударга ёсны асуудлуудаа яаж тэнцвэржүүлэх юм. Хууль тогтоомжиндоо ямар өөрчлөлт оруулах юм. Улс орны өмнө тулгамдсан эдийн засаг, эрхзүй, бусад амьжиргаатай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганаар хэрхэн хэлэлцэх юм. Гэдэг ерөнхий асуудал ярьсан.

