Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
10 хүний 1 нь зээлээ төлж чадахгүй байна. Тэр нь та юм биш биз?
- 2026/09/08

- 28 цаг 46 минутын өмнө

- 4 мин уншина

“Машин зээлээр авсан 5 хүний 1 нь зээлээ төлөхгүй байна” гэж Монголын банкны холбоо өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Цалингийн зээл авсан 10 ажилчны 1 нь, тэтгэврээ урьдчилж зээлсэн 10 ахмадын 1 нь, картын зээлтэй 10 хүний 1 нь зээлээ төлж чадахгүй байна. Энэ оны хагас жилийн байдлаар банкнаас олгосон 10 зээл тутмын 1 нь чанаргүй болжээ. Цалин, тэтгэвэр, картын, машины зээл бүгд чанаргүй болох нь нэмэгдэж, зээлээ төлж чадахгүй болж байгаа хүний тоо олширсоор байгаа аж.

Цалин, тэтгэврийн зээл:

2024 он – 2%

2025 он – 7%

2026 оны 6-р сар – 11%

Машины зээл:

2024 он – 12%

2025 он – 14%

2026 оны 6-р сар – 18%

Картын зээл:

2024 он – 12%

2025 он – 7%

2026 оны 6-р сар – 11%

Яагаад хүмүүс зээлээ төлж чадахгүй болов? Энэ бол мэдээж хүмүүс мөнгөгүй, орлогогүй болсонтой холбоотой. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026.06.30-ны байдлаар ажилгүйдлийн түвшин 5.5 байв. Энэ оны II улирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал ажилгүй хүний тоо 13.4 мянган хүнээр нэмэгджээ. Ганцхан жилийн хугацаанд ийм олон хүн ажилгүй, цалингүй болжээ. Тэр хүмүүс юугаар зээлээ төлөх вэ? Чадахгүй нь тодорхой.

Ажилгүй 79.3 мянган хүний 32.9% нь “Ажил хайгаад олдохгүй байгаа” гэсэн шалтгаантай. Тэгвэл нөгөө талд ажлын байр бас цөөрчээ. Гурил, цагаан архи, ус, ундаа, жүүс, катодын зэс, малын мах, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4-50.7%-иар буурсан байна. Үйлдвэрлэл багасна гэдэг чинь үйлдвэрлэсэн бараагаа зарж чадаагүй гэсэн үг. Бараа нь зарагдахгүй бол ажилчнаа хална. Ажилгүй болсон тэр хүн яаж амьдарч, юугаар зээлээ төлөх вэ? 1 айлын сарын дундаж, бодит, нийт орлого 2.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.9 (4.8 хувь) мянган төгрөгөөр буурсныг ҮСХ-ны судалгаа ч нотоллоо.

Иргэд нь ажилгүй, үйлдвэрүүд орлогогүй, айлууд амьдрахад улам хэцүү болж байхад Н.Учралын Засгийн газар улсын төсвийг 10 их наядаар тэлэхээр гайхуулж байна. Энэ их мөнгөнийхөө 844.6 тэрбум төгрөгөөр нь төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг нэмэх гэж байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмж 20 хувиар өсгөнө. Шинжлэх ухааны салбарынхны цалинг 35 хувиар нэмнэ. Төрийн бусад үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг 50 нэгж хувьд хүргэнэ. Үүнд 170.1 тэрбум төгрөг шаардлагатай.

Хөлд нь хөөрхий, төрд ажилладаггүй 1 сая 136 мянган хүн чирэгдэнэ

Багш нарын цалинг нэмэхээр Г.Занданшатарын Засгийн газар жилийн өмнө амласан. Уг амлалтаа гүйцээхэд 674.5 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол ердөө 93.5 мянган багшид хамаатай нэмэгдэл. Гэтэл Монголд зөвхөн багш нар амьдардаггүй. 1 сая 350 мянган хүн ажил хийдэг. 2025 оны байдлаар төрийн 4330 байгууллагад 213.611 хүн ажиллаж байна гэсэн тоог Төрийн албаны зөвлөл гаргажээ. Үүнээс 140 мянга нь үйлчилгээний салбарт ажилладаг. Тэдний цалинг нэмэх мөнгийг 2026 оны улсын төсөвт суулгасан. Гэсэн ч Н.Учралын сэтгэл ханасангүй. Учир нь тэр МАН-ын дарга. Засгийн газрыг тэргүүлж, Монгол Улсын хамаг мөнгөний авдрын түлхүүрийг атгаж байгаа дээрээ 2027, 2028 оны сонгуульдаа бэлтгэхээр тэр шулууджээ. Улсын төсвийг ашиглан, сонгогчдыг худалдаж авдаг уламжлалт аргаа энэ намынхан ийн үргэлжлүүллээ.

Хөлд нь хөөрхий, төрд ажилладаггүй 1 сая 136 мянган хүн чирэгдэнэ. Тэдний амьжиргааг Н.Учрал яаж тэтгэхээ бодсонгүй. Түүний боловсруулсан төсвийн тототголд төрийн албан хаагч, тэтгэврийнхэн багтсан ч хувийн хэвшлийнхэн багтсангүй. Цаг наргүй ажилладаг, цалингаа нэмүүлэхээр жагсаал хийж чаддаггүй, өөрөө өөртөө ажлын байр бий болгодог, олон хүн тэжээдэг хувийн хэвшлийнхэн Н.Учралын цээжинд багтдаггүй юм байна. Тэднийхээ цалинг цаас болгох, орлогыг нь зарлага болгож хувиргах төсөв УИХ-д өргөн барьчхаад, өөр юм ярьж явна.

“Орон сууцны зээлтэй хүн банкнаас зээл авч чадахгүй болдог. Тэгээд ББСБ-ын хаалга татдаг. Машины зээлтэй хүн ББСБ-ын шалгуурыг давдаггүй. Тэгээд апп-ын зээл авдаг. Ийм байдлаар хүмүүс санхүүгийн хяналттай салбараас шахагдаж, хяналтгүй салбараас зээл авч, мөнгө хүүлэлтэд өртөн, зээлээ төлж чадахгүй болж байна” гэж Монголын банкны холбооныхон тайлбарлав. Апп-ын өндөр хүүтэй зээлд баригдсан иргэдээ аврах хүсэл Н.Учралд, түүний сайд нарт лав алга. Өнөө, маргаашгүй мөнгө хүүлэгчдийн золиос болоход ойрхон яваа ард түмнээ бодох сэтгэл энэ засагт лав алга. Засгийн бодлогын гадна үлдлээ дээ, зайлуул, бүгдээрээ.

- Шинэ
- Хандалттай