Японы нэрт найруулагч Хироказу Корэ-эда “Look Back” киноныхоо нээлтэд оролцож, жүжигчдийн хамт Венецийн кино наадмын улаан хивсний ёслолд алхлаа.
Тэрбээр Каннын кино наадамд шагнал хүртсэн “Shoplifters”, “Like Father, Like Son”, “Nobody Knows” зэрэг бүтээлээрээ дэлхийд танигдсан найруулагч юм.
“Look Back” нь Японы алдарт манга зохиолч Тацүки Фүжимотогийн 2021 онд гаргасан бүтээлээс сэдэвлэсэн анхны амьд жүжигчидтэй кино болж байна.
Кинонд манга зураг зурах хүсэл сонирхлоороо нөхөрлөсөн хоёр сургуулийн охины тухай өгүүлнэ. Тэд уран бүтээлч болох мөрөөдлөө хамтдаа хөөж эхэлсэн ч хувь тавилан тэднийг өөр өөр зам руу хөтөлдөг.
Корэ-эда найруулагчийн хэлснээр тэрбээр Фүжимотогийн мангатай санамсаргүй танилцаж, анх уншаад л зохиолын түүх, дүрүүдэд нь татагдсан байна. Манга буюу Японы комик, график романы өвөрмөц хэлбэр нь өдгөө олон тэрбум ам.долларын дэлхийн хэмжээний салбар болж, төрөл бүрийн сэдэв, жанрын бүтээлүүдийг төрүүлэн, кино, телевиз, анимэйшн зэрэг олон бүтээлийн үндэс болж байна.
Киноны гол дүрүүдийг бүтээсэн Нацүки Дэгүчи, Ажү Макина, Фүри Нанасэ, Рокка Окада нар мөн найруулагчийн хамт улаан хивсний ёслолд оролцжээ. “Look Back” кино энэ жил Венецийн кино наадмын “Алтан арслан” шагналын төлөө өрсөлдөж буй 21 бүтээлийн нэг юм. Наадмын гол шагнал болох “Алтан арслан”-г есдүгээр сарын 12-нд гардуулах юм.


