Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, тэргүүн хатагтай Милена Милатович нар манай улсад 9 дүгээр сарын 8-10-нд төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Яков Милатович 1986 онд төрсөн. Эхнэр, 3 хүүхэдтэй. 2008 онд Монтенегро Улсын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, бакалаврын зэрэгтэй төгсжээ. Оксфордын их сургуульд сурч, 2013 онд эдийн засгийн магистр зэрэг хамгаалсан байна. Англи, итали, испани хэлээр ярьдаг.
Тэр нийслэл Подгорица хотод байрлалтай “NLB” банкнаас ажлын гараагаа эхэлж, Франкфурт хот дахь “Deutsche Bank”, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, тус банкны Бухарест дахь салбарт ахлах эдийн засагчаар ажиллаж байв. 2020 оноос улсынхаа Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эдийн засгаа шинэчлэх бодлого боловсруулж, Сангийн сайд Милойко Спаичтай хамт “Европ одоо” (Europe Now) хэмээх эдийн засгийн хөтөлбөр санаачилжээ.
Цалин нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой энэ бодлого ард түмний дэмжлэгийг авч, нэр хүндтэй болжээ. 2022 онд Милойко Спаичтай хамтран “Европ одоо” нам байгуулсан нь тус улсын хамгийн нөлөө бүхий намын нэг болсон байна. 2023 онд 36 насандаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Яков Милатович улсаа Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого явуулж байна.

Тэргүүн хатагтай Милена Милатович эдийн засагч мэргэжилтэй. 1989 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, хүмүүнлэгийн үйлсэд анхаарч, түүх, соёл, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, дотоодын үйлдвэрлэгчид, хувцасны брэндүүдийг олон улсад таниулахыг идэвхтэй дэмждэг.
2021-2023 онд “Монтенегрогийн цахилгаан эрчим хүч дамжуулах систем” төрийн өмчит компанийн санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн захирлын алба хашиж байжээ.

