Философич С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр ТЕГ түүнийг саатуулан шалгаж байна. Түүнд ТЕГ Эрүүгийн хуулийн 19.9-д заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор хандаж, яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн юм. Үүнийг тус шүүх 9 дүгээр сарын 2-нд хянан хэлэлцээд, хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч С.Молор-Эрдэнийг 9 дүгээр сарын 2-ны өдрөөс цагдан хорьсон юм.
Түүнийг 9 дүгээр сарын 1-ний өдрийн 02 цаг 40 минутаас баривчилсан аж. Уг хугацааг түүний яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцсон.
С.Молор-Эрдэнийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, С.Ганхуяг нар уг шийдвэрийг эсэргүүцэн, гомдол гаргажээ. Гомдлыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч өнөөдөр хяналаа. Ингээд шүүгч шүүгч С.Олзодын захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэн, захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгов.

