Амьтны тухай хуульд зааснаар жил бүрийн өдийд тарвага агнахыг зөвшөөрдөг. Үүнтэй холбогдуулан БОУАӨЯ ийм тайлбар хийлээ.
БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрын шинжээч Д.Сонин-Эрдэнэ:
-Байгаль орчны улсын хяналтын газраас жил бүр амьтны хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж боловсруулж батлан, орон нутагт хүргүүлж улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулдаг. Сүүлийн 3 жилийн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд хууль бус ан агнууртай холбогдох зөрчил буурахгүй байгаа. Эдгээр зөрчлийн 50 орчим хувь тарвага агнах барих, дамжуулан худалдах чиглэлээр илэрсэн.
Хуулийн хүрээнд, судалгаанд үндэслэн тухайн жилд ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоож, баталдаг. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхийн бичиг авч, амьтны нөөц ашигласны төлбөрийг төлсний үндсэн дээр 8 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд хуульд нийцүүлэн агнуур хийх боломжтой.
Мөн хуульд заасны дагуу агнасан амьтны гаралтай эд зүйл худалдах, худалдан авах тохиолдолд Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан гарал үүслийн тодорхойлолт авах шаардлагатай.
Энэ онд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс зөвшөөрлийн дагуу тодорхой тооны тарвага агнах эрх олгож байгаа. Ингэхдээ тухайн орон нутагт хуваарилсан тоо хэмжээний хүрээнд, эрхийн бичиг авч, зохих төлбөрийг төлсөн байх шаардлагатай. Харин бусад аймгийн нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар тарвага агнах, барих зөвшөөрөл олгохгүй.
Хууль бусаар тарвага агнасан, барьсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу 150,000–300,000 төгрөгийн торгууль оногдуулах, тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэн нөхөн төлбөр гаргуулах, хууль бус үйлдэлд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах арга хэмжээ авдаг. Иймд иргэд тарвага агнах, барихдаа тухайн орон нутагт агнуурын тоо хэмжээ хуваарилагдсан эсэхийг урьдчилан тодруулж, эрхийн бичгээ авч, төлбөрөө төлсний дараа агнуур хийхийг анхааруулж байна.

