Япон Улс 9 дүгээр сарын 8-ны орой Айчи, Гифү мужийн зарим хэсэгт аадар бороо, үерийн гамшгийн хамгийн өндөр түвшний буюу 5-р түвшний онцгой сэрэмжлүүлэг гаргалаа. Энэ анхааруулгыг уг хоёр мужийн нутгаар дамжин урсдаг Шонай голын дагуух иргэдэд зориулан гаргасан байна.
Тус улсын Цаг уурын агентлаг өчигдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийж, “Үерт автах эрсдэл багатай, өндөрлөг газарт очиж, аюулгүй байдлаа хангах шаардлагатай” хэмээн иргэдэд зөвлөжээ. 5-р түвшний анхааруулга нь иргэдийг ойр орчмын нөхцөл байдлаа үнэлж, хамгийн аюулгүй боломжит газар, тухайлбал ойролцоох өндөр барилга, эсвэл гэрийнхээ дээд давхарт шилжихийг уриалдаг байна.
Цаг уурын агентлагийн мэдээлснээр Нагоя хотод өчигдөр нэг цагийн хугацаанд 104.5 мм аадар бороо орсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Бороо тасралтгүй үргэлжилж, ус зайлуулах системийн хүчин чадлаас давсан тул иргэдийг газар доорх байгууламжид удаан хугацаагаар саатахгүй байхыг анхааруулсан байна. Учир нь авто замын доогуурх нүхэн гарц, газар доорх худалдааны төв болон газар доорх автомашины зогсоол руу ус орох эрсдэлтэй аж.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн зургуудаас үзэхэд хотын замуудаар зорчиж байсан автомашинуудын хаалганы өндөр хүртэл ус нэмэгдсэн байна. NHK-ийн мэдээлснээр хотын Минато дүүргийн авто замын доогуурх нүхэн гарц болон бусад зарим хэсэг үерт автсан бөгөөд хүмүүс автомашинаа орхин гарахад хүрчээ.


