МЕКСИК ХОТ — Мексикийн мэргэжлийн бөхийн холбоо болох AAA-ийн бөхчүүд, хөгжөөн дэмжигчид болон тэдний гэр бүлийнхэн мягмар гарагт /есдүгээр сарын 8/ жил бүр зохион байгуулдаг мөргөлийн жагсаалд оролцож, Мехико хотын Гуадалупегийн Базиликад очжээ.
Жагсаалыг AAA холбоог үндэслэгч, талийгаач Антонио Пеньягийн дүү Марисела Пенья тэргүүлсэн бөгөөд тэр ахынхаа чандрыг авч явсан байна. Өнгө өнгийн баг өмссөн бөхчүүд хөгжөөн дэмжигчдийн хамт алхаж, Гуадалупегийн Базиликад хүрэлцэн очжээ. Тэнд бөхчүүд шүтэн бишрэгчидтэйгээ зургаа авахуулж, уг арга хэмжээнд зориулсан шашны ёслолд оролцсон байна.
Бөх Дэмон Панишер энэ мөргөлийг Антонио Пеньягийн өвийг хүндэтгэхийн зэрэгцээ хөгжөөн дэмжигчдэд бөхчүүдтэй рингээс гадуур уулзаж, харилцах боломж олгодог уламжлал хэмээн тодорхойлжээ. Энэхүү арга хэмжээ нь Пенья 1992 онд Lucha Libre AAA Worldwide холбоог байгуулснаас хойш Мексикийн бөхийн ертөнцийн уламжлал болсон байна. Түүний байгуулсан холбоо нь луча либрег Мексикийн хамгийн алдартай үзвэр, спортын нэг болоход чухал үүрэг гүйцэтгэжээ.
Мөргөлд Пинк Пантер хэмээх залуу бөх мөн оролцсон бөгөөд тэрээр хоёр жил бэлтгэл хийж байгаа, цаашид AAA болон WWE-д барилдахыг мөрөөддөг хэмээн ярьжээ.
Замын дагуу хүүхдүүд бөхийн баг өмсөн жагсаалыг үзэж байсан бол бөхчүүд базиликийн гадна хөгжөөн дэмжигчидтэй зургаа авахуулжээ. Улмаар тэд шашны мөргөлд оролцсон нь Мексикийн католик шашны уламжлал болон луча либрегийн олон жилийн түүхтэй соёлыг нэг дор харуулсан байна.


