ПЕРУ, ТРУХИЛЬО — Перугийн археологичид 600 гаруй жилийн турш бараг хөндөгдөөгүй хадгалагдсан Чимү соёлын язгууртнуудын оршуулгын байгууламжаас 38 хүний шарил илрүүлжээ. Энэхүү онцгой олдворыг тус улсын хойд хэсэгт орших эртний Чан Чан хотын археологийн цогцолбороос илрүүлсэн байна.
Шарилуудыг Чан Чан дахь Уц Ан (Utzh An) хэмээх хэрэмт цогцолбор буюу эртний Их Чимү ордны нутаг дэвсгэрээс илрүүлжээ. Оршуулгын байгууламж нь нэг төв болон хоёр хажуугийн танхимтай бөгөөд төв танхимаас Чимүгийн язгууртны бүлэгт хамаарах нэг хүний шарил, түүнтэй хамт далайн хясаа болон металлаар хийсэн эд өлгийн зүйлс олдсон байна.
Хажуугийн нэг танхимаас 20 хүний шарил, харин уг оршуулгын тавцангаас өмнө илрүүлсэн 18 хүний шарилтай нийлээд нийт 38 хүн болохыг археологичид тогтоожээ. Мөн металл зэвсэг, бэлгэдлийн эд зүйлс, ёслолын зориулалттай эд өлгийн зүйлс илэрсэн байна.
Археологичдын анхаарлыг нэгэн онцгой оршуулга татжээ. Тухайн хүний биеийг Чимүгийн уламжлалт оршуулгын хэв маягаас ялгаатайгаар бүрэн сунгасан байрлалтай оршуулсан байжээ. Чимүгийн булшнуудад хүмүүсийг ихэвчлэн хөлөө нугалсан буюу хагас суугаа байрлалаар оршуулдаг байсан тул энэ нь онцгой тохиолдол гэж үзэж байна. Судлаачид үүнийг зан үйлийн тахил өргөсөн эсвэл тухайн хүний нийгмийн онцгой байр суурьтай холбоотой байж болохыг үгүйсгэхгүй байна.
Мөн археологичид 60 ширхэг вааран эдлэл илрүүлсэн бөгөөд тэдгээрийн дунд Инкийн хэв маягийн нөлөө тодорхой харагдах сав суулга, бариултай лонхнууд байжээ. Энэ нь Чимүгийн хаант улс Инкийн эзэнт гүрэнд нэгтгэгдэхийн өмнөх үеийн хоёр соёлын харилцааны талаар шинэ мэдээлэл өгөх боломжтой юм.
Чимүгийн соёл нь одоогийн Перугийн хойд хэсэгт ойролцоогоор МЭ 1000–1470 онд хөгжиж байсан бөгөөд Чан Чан хот түүний нийслэл байжээ. Чан Чан нь Америк тивийн Колумбын өмнөх үеийн хамгийн том шавар хотуудын нэг юм.
Энэ олдворын хамгийн чухал ач холбогдол нь өмнөх олон булш дээрэмдэгдсэн байдаг бол уг байгууламж бараг хөндөгдөөгүй тул шарил болон эд өлгийн зүйлсийг анхны байрлалтай нь судлах боломж бүрдсэнд оршиж байна.


