Улаанбаатар хотын 17 сургууль өнгөрсөн жилийн 9 дүгээр сарын 1-нд ширээ сандалгүй байв. Өнөө жил ч ийм сургууль байсаар байна. Энэ талаар Боловсролын яам ийн тайлбар өглөө.
Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир:
-Ямар сургуульд хэчнээн хүүхэд суралцахыг 4, 5 дугаар сард судалсан. “Нийслэлд 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлэг байна. Үүнийг 2026-2027 оны хичээлийн жилд байхгүй болгоё. Наанадаж 80 гаруй хувийг нь цөөлөх боломжтой” гэсэн үр дүн уг судалгаагаар гарсан. Тухайлбал: 14 дүгээр сургуулийн барилгыг буулгаж, шинээр барьсан. Хүчин чадлыг нь 2-3 удаа өргөтгөсөн. Хаврын судалгаагаар 14 дүгээр сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд ойролцоогоор 5.400 хүүхэд суралцах төлөв гарсан. УБЕГ-ын мэдээллийн сангаас иргэдийн хаяг бүртгэлийн мэдээллийг авч тооцсон. Гэвч хичээлийн жил эхлэхэд тус сургуульд сурах сурагчдын тоо 300-400-гаар нэмэгдсэн.
Урьдчилан тооцсон нөхцөл байдал ингэж өөрчлөгдсөн тул түрээслэх байр хайх, ширээ сандал нийлүүлэх шаардлагатай болсон. Гэтэл хичээл эхэлсэн тул 1-2 хоног түр зохицуулалт хийсэн.
Жишээлбэл: Монгол 3 дугаар сургуулийн 1 дүгээр ангид 269 хүүхэд элсэх тооцоог хавар гаргасан. Гэтэл сая 400 хүүхэд элссэн. Тэдний хаяг бүртгэлийн мэдээллийг хянах шаардлага үүссэн. Тэр 100 хүүхэд хаанаас гарч ирснийг хянах хэрэгтэй болно.
Бусад сургуульд нийлүүлсэн сандал ширээ, ном сурах бичгийг 3 дугаар сургууль руу татах хэрэгтэй болсон. 8 дугаар сарын 20-нд нэмж шинэ бүлэг нээхээс өөр аргагүй нөхцөл үүссэн. Ингээд ширээ сандал нийлүүлж амжаагүй.
Хот төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдал боловсролын салбарт асар хүндрэл үүсгэж байна. Ялангуяа Хан-Уул, Баянзүрх дүүрэгт.
Хан-Уул дүүрэгт 74 мянган хүүхэд сурч байна. Үүний 25 мянга нь хувийн сургуульд сурдаг. 71 сургуулийнх нь 27 нь төрийн өмчийн, 44 нь хувийн сургууль. Энэ болгонд тухайн үед нь тохирсон зохицуулалтыг хууль, дүрмийн дагуу хийж байгаа.

