horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хятадын арми хүн дүрст роботуудыг дайны талбарт ашиглахаар эрчимтэй бэлтгэж байна

post-img

Б.Асхар

Цахилгаан автомашины зах зээлийн ширүүн өрсөлдөөний үр дүнд БНХАУ-д хүн дүрст робот асар хурдацтайгаар хөгжиж байна. Тухайлбал: “XPeng”, BYD, “Xiaomi” зэрэг автомашин үйлдвэрлэгчид энэхүү технологийн тэсрэлтийг тэргүүлж байна. Цахилгаан автомашины борлуулалт саарч байгаа энэ үед компаниуд хүн дүрст роботыг бизнесийнхээ “хоёр дахь” өсөлтийн хөдөлгүүр болгон харж байна. Иймд хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлж эхэлжээ.

Хятадын автомашин үйлдвэрлэлийн салбарын дундаж ашиг ердөө 1.5 хувь болж буурсан нь компаниудыг өөр гарц хайхад хүргэжээ. Дэлхий даяар роботын салбарт орж буй 20 орчим автомашины компанийн талаас илүү хувийг нь Хятадын корпорацууд бүрдүүлж байна. Үүний хамгийн тод жишээ нь “XPeng” компани. Тэд роботын салбартаа саяхан 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, үнэлгээ нь 6.3 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь тэдний автомашины бизнесийн үнэлгээтэй бараг дүйцэж байна.

“XPeng” компани “IRON” хэмээх хүн дүрст роботоо энэ оны эцсээр олноор нь үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байна. Хятадын үйлдвэрлэгчид роботод орж буй эд ангийн 85 хүртэлх хувийг, тэр дундаа цахилгаан мотор, чип, ухаалаг жолоодлогын программ хангамжаа дотооддоо үйлдвэрлэж буй нь маш том давуу тал болж байна. Түүнчлэн үйлдвэрлэсэн роботуудаа зах зээлд гаргахаасаа өмнө шууд үйлдвэр, дэлгүүрүүддээ ажиллуулж, технологио улам сайжруулах дата мэдээлэл цуглуулах боломжтой байдаг.

Бизнесийн салбарт өрнөж буй энэхүү асар том үйлдвэрлэлийн хүчин чадал нь Хятадын батлан хамгаалах салбарт шууд давуу тал болон хувирч байна. Цэргийн судлаачид хүн дүрст роботуудыг хотын тулаанд ашиглаж, дайсны барилга байгууламж руу нэвтрүүлэх, өрөө тасалгааг эзлэх зэрэг аюултай даалгаварт явган цэргүүдийн хамт хэдийнэ туршаад эхэлжээ. Автомашин үйлдвэрлэгчдийн хямд өртгөөр, олноор үйлдвэрлэх технологийн бааз суурь нь цэргийн зориулалттай роботуудыг дайны талбарт олноор нь нэвтрүүлэх бодит замыг нээж өгч байна.

Гэсэн хэдий ч хүн дүрст роботыг төгс төгөлдөр болгоход цаг хугацаа шаардлагатай хэвээр байна. Автомашины ухаалаг жолоодлогын системийг хоёр хөл дээрээ явдаг роботын нарийн төвөгтэй хөдөлгөөнд тохируулан өөрчилнө гэдэг нь маш том сорилт болохыг технологийн мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч хөрөнгийн зах зээл болон цэрэг армийн дэмжлэгтэйгээр хөгжиж буй Хятадын хүн дүрст роботууд тун удахгүй бидний өдөр тутмын амьдралд төдийгүй Дэлхийн геополитикийн тавцанд хүч түрэн орж ирэх нь гарцаагүй боллоо.

0/1000